Марк 14:12-52

Марк 14:12-52 АБ2013

Исгээгүй талхны баярын эхний өдөр, Алгасалын хурга нядлах үеэр шавь нар нь —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэв. Есүс шавь нараасаа хоёр хүнийг явуулж, тэдэнд —Хотод ор. Ваартай ус авч яваа хүн та нартай тааралдана. Түүнийг дага. Тэр хаашаа орно, тэр гэрийн эзэнд “Багш «Шавь нартайгаа, Алгасал баярын зоог барих зочны өрөө минь хаана байна?» гэж хэлүүлж байна” гээрэй. Тэр та нарт дээд давхрын тавилгатай, бэлэн том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлд гэж хэлэв. Шавь нар гарч явж хотод ирээд Түүний айлдсанаар бүхнийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Орой болоход Есүс арван хоёрынхоо хамт ирэв. Тэд тухлан суугаад идэж байх үед Есүс —Үнэнээр Би та нарт хэлье. Надтай хамт хооллож буй та нарын нэг чинь Надаас урвана гэлээ. Тэд зовсхийн нэг нэгээрээ Түүнд —Би биш биз дээ? гэцгээв. Есүс тэдэнд —Арван хоёрын нэг, тавганд Надтай гар талх дүрж байгаа нь мөн. Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байхсан гэлээ. Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май. Энэ Миний бие гэв. Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөхөд бүгд түүнээс уулаа. Есүс тэдэнд —Энэ нь олны төлөө урсах, гэрээний цус минь юм. Үнэнээр Би та нарт хэлье. Би усан үзмийн дарсыг Бурханы хаанчлалд шинээр уух өдрийг хүртэл дахин уухгүй гэв. Магтуу дуулсныхаа дараа, тэд Чидун уул өөд явцгаав. Есүс тэдэнд —Та нар бүгд бүдэрнэ. Учир нь “Би хоньчинг цохино, хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ. Харин Би амилуулагдсаныхаа дараа та нараас өмнө Галилд очно гэв. Гэтэл Петр Түүнд —Бүгд бүдэрлээ ч би тэгэхгүй гэхэд Есүс түүнд —Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр, энэ шөнө азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ гэв. Гэвч Петр улам баттайгаар —Би Тантай хамт үхэх ёстой болсон ч Таныг үгүйсгэхгүй гэхэд бүгдээрээ бас тэгж хэлцгээв. Тэд Гетсемани гэдэг газар ирэхэд Есүс шавь нартаа —Намайг залбирах зуур энд сууцгааж бай гээд, Тэр Петр, Иаков, Иохан нарыг авч явав. Тэгээд түгшиж, шаналж эхлэв. Тэгээд тэдэнд —Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, сэргэг байцгаа гэжээ. Есүс жаахан цааш яваад, газар унаж, хэрэв боломжтой бол тэрхүү цаг хажуугаар нь өнгөрөхийг залбирав. Есүс —Ааба, Аав аа! Танд бүх юм боломжтой. Надаас энэ аягыг алгасуулаач. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэлээ. Есүс ирж, тэдний унтаж байхыг хараад Петрт —Симон, чи унтаж байна уу? Ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу? Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм гэлээ. Есүс дахин явж, өмнөх үгээ хэлэн залбирав. Тэр дахин ирээд, нүд нь анилдсанаас унтсан тэднийг харав. Тэд Есүст юу гэж хариулахаа ч мэдсэнгүй. Есүс гурав дахь удаагаа ирж тэдэнд —Та нар унтаж, амарсаар л байна уу? Одоо боллоо. Цаг нь ирлээ. Харагтун, Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна. Бос, явцгаая. Харагтун, Намайг бариулагч айсуй гэлээ. Түүнийг ийн ярьж байх зуур, арван хоёрын нэг Иудас ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчдын илгээсэн илд шийдэмтэй бөөн хүний хамт даруй хүрч ирэв. Түүнээс урвасан нэгэн тэдэнд —Хэнийг би үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барьж, хамгаалалттай авч яв гэж дохио өгсөн байлаа. Иудас ирээд даруй Есүс уруу очиж «Рабби!» гээд Түүнийг үнсэв. Тэд Түүнийг гараараа зууран авч баривчлав. Гэтэл дэргэд нь зогсогсдын нэг нь илдээ сугалаад тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ. Есүс тэдэнд —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Сүмд өдөр бүр та нартай хамт байж, зааж байхад минь та нар Намайг бариагүй. Гэвч энэ нь Бичвэр биелэгдэхийн тулд юм гэв. Шавь нар бүгд Түүнийг орхин зугтав. Нүцгэн биен дээрээ маалинган нөмрөг нөмөрсөн нэгэн залуу эр Есүсийг дагаж байлаа. Хүмүүс түүнийг барьж автал тэр нөмрөгөө хаяад, нүцгэн чигээрээ зугтжээ.

Марк 14:12-52 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв