Марк 14:12-26
Марк 14:12-26 АБ2013
Исгээгүй талхны баярын эхний өдөр, Алгасалын хурга нядлах үеэр шавь нар нь —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэв. Есүс шавь нараасаа хоёр хүнийг явуулж, тэдэнд —Хотод ор. Ваартай ус авч яваа хүн та нартай тааралдана. Түүнийг дага. Тэр хаашаа орно, тэр гэрийн эзэнд “Багш «Шавь нартайгаа, Алгасал баярын зоог барих зочны өрөө минь хаана байна?» гэж хэлүүлж байна” гээрэй. Тэр та нарт дээд давхрын тавилгатай, бэлэн том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлд гэж хэлэв. Шавь нар гарч явж хотод ирээд Түүний айлдсанаар бүхнийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Орой болоход Есүс арван хоёрынхоо хамт ирэв. Тэд тухлан суугаад идэж байх үед Есүс —Үнэнээр Би та нарт хэлье. Надтай хамт хооллож буй та нарын нэг чинь Надаас урвана гэлээ. Тэд зовсхийн нэг нэгээрээ Түүнд —Би биш биз дээ? гэцгээв. Есүс тэдэнд —Арван хоёрын нэг, тавганд Надтай гар талх дүрж байгаа нь мөн. Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байхсан гэлээ. Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май. Энэ Миний бие гэв. Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөхөд бүгд түүнээс уулаа. Есүс тэдэнд —Энэ нь олны төлөө урсах, гэрээний цус минь юм. Үнэнээр Би та нарт хэлье. Би усан үзмийн дарсыг Бурханы хаанчлалд шинээр уух өдрийг хүртэл дахин уухгүй гэв. Магтуу дуулсныхаа дараа, тэд Чидун уул өөд явцгаав.