Марк 14:10-21

Марк 14:10-21 АБ2013

Арван хоёрын нэг байсан Искариотын Иудас Есүсийг барьж өгөхөөр ахлах тахилч нар уруу явлаа. Тэд үүнийг сонсоод баярлаж, түүнд мөнгө өгөхөөр амлав. Тиймээс Есүсийг барьж өгөх аятай завшааныг тэрээр эрэлхийлж эхлэв. Исгээгүй талхны баярын эхний өдөр, Алгасалын хурга нядлах үеэр шавь нар нь —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэв. Есүс шавь нараасаа хоёр хүнийг явуулж, тэдэнд —Хотод ор. Ваартай ус авч яваа хүн та нартай тааралдана. Түүнийг дага. Тэр хаашаа орно, тэр гэрийн эзэнд “Багш «Шавь нартайгаа, Алгасал баярын зоог барих зочны өрөө минь хаана байна?» гэж хэлүүлж байна” гээрэй. Тэр та нарт дээд давхрын тавилгатай, бэлэн том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлд гэж хэлэв. Шавь нар гарч явж хотод ирээд Түүний айлдсанаар бүхнийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Орой болоход Есүс арван хоёрынхоо хамт ирэв. Тэд тухлан суугаад идэж байх үед Есүс —Үнэнээр Би та нарт хэлье. Надтай хамт хооллож буй та нарын нэг чинь Надаас урвана гэлээ. Тэд зовсхийн нэг нэгээрээ Түүнд —Би биш биз дээ? гэцгээв. Есүс тэдэнд —Арван хоёрын нэг, тавганд Надтай гар талх дүрж байгаа нь мөн. Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байхсан гэлээ.