Марк 14:1-25

Марк 14:1-25 АБ2013

Алгасал ба Исгээгүй талхны баяр хоёр хоногийн дараа болох байлаа. Ахлах тахилч нар болоод хуулийн багш нар Есүсийг залилан барьж, алахыг оролдож байв. Тэд —Ард олны дунд үймээн гаргахгүйн тулд баярын үеэр болохгүй хэмээцгээв. Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт тухлан байхад нь цэвэр, үнэт нардын тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй орж иржээ. Тэр савыг хагалаад Есүсийн толгой дээр тосыг цутгав. Гэтэл зарим нь зэвүүцэн өөр хоорондоо хэлэлцэж —Юунд энэ тосыг ингэж үрнэ вэ? Энэ тосыг гурван зуу гаруй денараар зарж, ядууст өгч болох байсан шүү дээ гээд, тэд түүнийг зэмлэжээ. Харин Есүс —Түүнийг орхи. Та нар юунд түүнд төвөг удна вэ? Энэ эмэгтэй Надад сайныг үйлдэв. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Хэзээ хүссэн цагтаа та нар тэдэнд сайныг үйлдэж чадна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй. Тэр хийж чадахаа л хийсэн. Биеийг минь тэр тосолж оршуулгад минь урьдчилан бэлдлээ. Үнэнээр Би та нарт хэлье. Сайнмэдээ бүх ертөнцийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, үйлс нь яригдах болно гэлээ. Арван хоёрын нэг байсан Искариотын Иудас Есүсийг барьж өгөхөөр ахлах тахилч нар уруу явлаа. Тэд үүнийг сонсоод баярлаж, түүнд мөнгө өгөхөөр амлав. Тиймээс Есүсийг барьж өгөх аятай завшааныг тэрээр эрэлхийлж эхлэв. Исгээгүй талхны баярын эхний өдөр, Алгасалын хурга нядлах үеэр шавь нар нь —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэв. Есүс шавь нараасаа хоёр хүнийг явуулж, тэдэнд —Хотод ор. Ваартай ус авч яваа хүн та нартай тааралдана. Түүнийг дага. Тэр хаашаа орно, тэр гэрийн эзэнд “Багш «Шавь нартайгаа, Алгасал баярын зоог барих зочны өрөө минь хаана байна?» гэж хэлүүлж байна” гээрэй. Тэр та нарт дээд давхрын тавилгатай, бэлэн том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлд гэж хэлэв. Шавь нар гарч явж хотод ирээд Түүний айлдсанаар бүхнийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Орой болоход Есүс арван хоёрынхоо хамт ирэв. Тэд тухлан суугаад идэж байх үед Есүс —Үнэнээр Би та нарт хэлье. Надтай хамт хооллож буй та нарын нэг чинь Надаас урвана гэлээ. Тэд зовсхийн нэг нэгээрээ Түүнд —Би биш биз дээ? гэцгээв. Есүс тэдэнд —Арван хоёрын нэг, тавганд Надтай гар талх дүрж байгаа нь мөн. Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байхсан гэлээ. Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май. Энэ Миний бие гэв. Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөхөд бүгд түүнээс уулаа. Есүс тэдэнд —Энэ нь олны төлөө урсах, гэрээний цус минь юм. Үнэнээр Би та нарт хэлье. Би усан үзмийн дарсыг Бурханы хаанчлалд шинээр уух өдрийг хүртэл дахин уухгүй гэв.