Марк 13:24-37

Марк 13:24-37 АБ2013

Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган, одод тэнгэрээс унаж, тэнгэр дэх хүчнүүд сэгсрэгдэх болно. Тэгээд Хүний Хүүг үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар ирэхийг тэд харна. Дараа нь Тэр тэнгэрэлч нарыг илгээж, сонгогдогсдыгоо дэлхийн хязгаараас тэнгэрийн хаяа хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно. Одоо инжрийн модноос сургамж ав. Инжрийн модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа дэлгэхэд зун ойртсоныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхэн тохиолдохыг хараад, үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтүн. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс үгүй болохгүй. Харин тэр өдөр, цагийг хэн ч эс мэднэ. Тэнгэрэлчүүд ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ. Болгоомжлогтун, сэрэмжлэгтүн. Учир нь тэрхүү цаг хэзээг та нар эс мэднэ. Энэ нь холын аянд гарахдаа гэрээ орхиж, зарц нартаа үүрэг өгч, хүн бүрд ажлыг нь оноож мөн хаалгачдаа сэрэмжтэй байхыг тушааж буй хүнтэй адил юм. Тиймээс сэрэмжлэгтүн. Учир нь гэрийн эзэн орой эсвэл шөнө дунд эсвэл тахиа донгодоход аль эсвэл өглөө, хэзээ ирэхийг та нар мэдэхгүй. Тэр гэнэт ирээд, та нарыг унтаж байхыг чинь харах вий. Та нарт ч тэр, бүгдэд ч адил Би хэлж байна. “Сэрэмжлэгтүн” гэж хэлэв.