Марк 13:1-31
Марк 13:1-31 АБ2013
Есүсийг сүмээс гарах үед шавь нарынх нь нэг —Багш аа, хараач, яасан том чулуунууд вэ, ямар сүрлэг барилгууд вэ? гэхэд Есүс түүнд —Чи эдгээр агуу барилгуудыг харж байна уу? Энд нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв. Түүнийг сүмийн эсрэг талд байдаг Чидун уулан дээр сууж байхад Петр, Иаков, Иохан, Андрей нар Түүнээс аминчлан асууж — Энэ нь хэзээ болох вэ? Тэр бүхэн биелэгдэх үед ямар тэмдэг бий болох вэ? Бидэнд хэлээч гэв. Есүс тэдэнд —Хэн нэгэн нь та нарыг төөрүүлэх вий, болгоомжил. “Тэр чинь би байгаа юм” хэмээн нэрээр минь олноороо ирж олныг төөрөлдүүлнэ. Та нар дайны тухай ба дайны чимээ сонсвол бүү цочирд. Тэдгээр нь болох учиртай боловч төгсгөл нь хараахан биш юм. Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй газар хөдлөлт хийгээд өлсгөлөн болно. Энэ бүгд төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл нь юм. Харин сэрэмжтэй байгтун. Учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана. Та нар Миний төлөө гэрчлэл болж, захирагчид ба хаадын өмнө зогсох болно. Эхлээд сайнмэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой. Тэд та нарыг баривчилж, шүүхэд тушаах үед юу хэлэх билээ гэж урьдаас санаа бүү зов. Харин тэр цагт та нарт өгөгдсөн зүйлийг ярь. Яригч нь та нар бус харин та нарын доторх Ариун Сүнс юм. Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ. Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Харин та нар хоосролын бузар нь байх ёсгүй газраа байхыг харвал (уншигч нь ойлгог) Иудейд байгсад нь уулс уруу зугтаг. Дээвэр дээр байгаа нь бүү бууг эсвэл гэрээсээ юм авахаар бүү орог. Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг. Харин тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй еэ! Энэ нь харин өвөл тохиолдохгүйн төлөө залбир. Юу гэвэл тэр өдрүүдэд Бурханы бүтээсэн бүтээлийн эхнээс өнөөг хүртэл болоогүй мөн хэзээ ч болохгүй гамшиг болно. Хэрэв Эзэн тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махбод аврагдахгүй байх байсан. Харин Тэр сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгосон юм. Хэрэв хэн нэгэн та нарт “Хараач, Христ энд байна” эсвэл “Хараач, Тэр тэнд байна” гэвэл бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд ба хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэнэ. Харин болгоомжлогтун. Үзэгтүн. Би та нарт урьдаас бүхнийг хэлэв. Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган, одод тэнгэрээс унаж, тэнгэр дэх хүчнүүд сэгсрэгдэх болно. Тэгээд Хүний Хүүг үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар ирэхийг тэд харна. Дараа нь Тэр тэнгэрэлч нарыг илгээж, сонгогдогсдыгоо дэлхийн хязгаараас тэнгэрийн хаяа хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно. Одоо инжрийн модноос сургамж ав. Инжрийн модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа дэлгэхэд зун ойртсоныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхэн тохиолдохыг хараад, үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтүн. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс үгүй болохгүй.