Марк 13:1-13

Марк 13:1-13 АБ2013

Есүсийг сүмээс гарах үед шавь нарынх нь нэг —Багш аа, хараач, яасан том чулуунууд вэ, ямар сүрлэг барилгууд вэ? гэхэд Есүс түүнд —Чи эдгээр агуу барилгуудыг харж байна уу? Энд нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв. Түүнийг сүмийн эсрэг талд байдаг Чидун уулан дээр сууж байхад Петр, Иаков, Иохан, Андрей нар Түүнээс аминчлан асууж — Энэ нь хэзээ болох вэ? Тэр бүхэн биелэгдэх үед ямар тэмдэг бий болох вэ? Бидэнд хэлээч гэв. Есүс тэдэнд —Хэн нэгэн нь та нарыг төөрүүлэх вий, болгоомжил. “Тэр чинь би байгаа юм” хэмээн нэрээр минь олноороо ирж олныг төөрөлдүүлнэ. Та нар дайны тухай ба дайны чимээ сонсвол бүү цочирд. Тэдгээр нь болох учиртай боловч төгсгөл нь хараахан биш юм. Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй газар хөдлөлт хийгээд өлсгөлөн болно. Энэ бүгд төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл нь юм. Харин сэрэмжтэй байгтун. Учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана. Та нар Миний төлөө гэрчлэл болж, захирагчид ба хаадын өмнө зогсох болно. Эхлээд сайнмэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой. Тэд та нарыг баривчилж, шүүхэд тушаах үед юу хэлэх билээ гэж урьдаас санаа бүү зов. Харин тэр цагт та нарт өгөгдсөн зүйлийг ярь. Яригч нь та нар бус харин та нарын доторх Ариун Сүнс юм. Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ. Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно.