Марк 12:28-44
Марк 12:28-44 АБ2013
Хуулийн багш нарын нэг ирж, тэдний маргалдахыг сонсоод, Есүс тэдэнд сайн хариулсныг мэдэж, Түүнээс —Ямар тушаал бүхний эхэнд байх вэ? гэж асуулаа. Есүс —Эхнийх нь “Сонс, Израиль аа! Бидний Бурхан Эзэн бол ганц Эзэн мөн. Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрла” гэсэн нь юм. “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн нь хоёр дахь нь юм. Эдгээрээс илүү агуу өөр тушаал байхгүй гэлээ. Хуулийн багш Түүнд —Тийм ээ, Багш аа, Тэр бол Ганц бөгөөд Түүнээс өөр байхгүй гэж Та үнэнээр айлдлаа. Түүнийг бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрлаж, хөршөө өөрийн адил хайрлах нь бүх шатаалт тахил хийгээд нядлах тахилаас ч илүү чухал юм гэв. Түүний ухаалаг хариулахыг Есүс хараад түүнд —Чи Бурханы хаанчлалаас холгүй байна гэлээ. Үүнээс хойш хэн ч дахиж Түүнээс юм асууж зүрхэлсэнгүй. Есүс сүмд зааж байхдаа —Яагаад хуулийн багш нар Христ бол Давидын хүү гэж ярьдаг вэ? Давид өөрөө Ариун Сүнсээр “ЭЗЭН миний Эзэнд «Би Чиний дайснуудыг хөл дор чинь тавих хүртэл Баруун талд минь залрагтун» гэв” гэж хэлсэн. Давид өөрөө Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айлдав. Хурсан олон Түүнийг дуртайяа сонсож байв. Тэр сургаал айлдан —Хуулийн багш нараас сэрэмжлэгтүн. Тэд урт дээлтэй явж, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай. Мөн тэд синагогуудад тэргүүн суудалд, найран дээр хойморт залрах дуртай бөгөөд бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эд нар илүү хүнд шийтгэл хүлээнэ гэв. Тэр эрдэнэсийн сангийн эсрэг талд суугаад, эрдэнэсийн санд ард олон хэрхэн зэс зоос хийхийг харж байв. Олон баячуул ихийг хийж байлаа. Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирж, нэг кодрант болох хоёр жижиг зэс зоос хийжээ. Есүс шавь нараа дуудаад —Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй эрдэнэсийн санд өгсөн бүх хүнээс ихийг өглөө. Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдээ, амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэв.