Марк 12:1-27
Марк 12:1-27 АБ2013
Есүс сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв. —Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, тойруулан хашаа бариад, шахуурганы сав суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд аянд явав гэнэ. Ургац хураах цаг болоход тэрээр тариаланчдаас усан үзэм авчруулахаар зарцаа илгээв. Тэд зарцыг нь барьж зодоод хоосон буцаажээ. Тэр дахин өөр зарцыг тариаланчдад явуултал чулуугаар толгойг нь хага цохиж, доромжилжээ. Тэр өөр нэгнийг илгээтэл, тэд түүнийг нь алав. Өөр олны заримыг нь зодож, заримыг нь алжээ. Түүнд үлдсэн ганц нь хайртай хүү нь байв. Эцэст нь тэр “Тэд хүүг минь хүндэлнэ” гээд түүнийгээ явуулав. Харин тариаланчид бие биендээ “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Ирцгээ. Түүнийг алчихвал өв хөрөнгө нь биднийх болно” гэцгээж, түүнийг барьж авч алаад, усан үзмийн талбайгаас гарган хаяжээ. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн юу хийх вэ? Тэр ирж тариаланчдыг хөнөөгөөд, усан үзмийн талбайгаа өөр хүмүүст өгнө. Та нар “Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болжээ. Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай” гэж Бичвэрээс уншаагүй юү? гэлээ. Есүс өөрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл өгүүлснийг тэд ойлгоод Есүсийг барихыг санаархсан ч ард олноос айв. Тиймээс тэд Есүсийг орхиж явлаа. Тэд Түүнийг үгэн дээр нь урхидаж барихын тулд фарисайн болон Херодынхны заримыг Есүс уруу явуулав. Тэд ирээд, Түүнд —Багш аа, бид Таны үнэнч хийгээд хэнийг ч үл ялгаварлан хэнд ч тал засдаггүйг, харин Бурханы замыг үнэнээр заадгийг мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуухад Есүс тэднийг хоёр нүүр гаргаж байгааг мэдээд тэдэнд —Та нар юунд Намайг сорино вэ? Надад денар авчирч үзүүл гэв. Тэд нэг денар авчирсанд Есүс —Энэ хэний дүрс, бичээс вэ? гэхэд тэд —Цезарийнх гэлээ. Есүс тэдэнд —Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдлаа. Тэд үүнд гайхацгаав. Амилал гэж байхгүй хэмээн ярьдаг садукайчуудын зарим нь Есүс дээр ирж Түүнээс асуусан нь — Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь хүүхэдгүй үлдвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж, ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж бидэнд бичсэн. Ах дүү долуул байсан. Ууган нь эхнэр аваад үр хүүхэдгүй үхсэн. Хоёр дахь нь тэр эмэгтэйг авч, нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй. Гурав дахь нь ч бас адил. Тэгсээр долуулаа үр удмаа үлдээсэнгүй. Бүхний эцэст мөнөөх эмэгтэй ч үхэв. Амилалд тэр хэнийх нь эхнэр болох вэ? Учир нь тэр долоо бүгдээрээ түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд Есүс тэдэнд —Та нар Бичвэрийг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс төөрөлдөж байгаа хэрэг энэ бус уу? Учир нь үхэгсдээс амилахад тэд гэрлэх ч үгүй, нөхөрт гарах ч үгүй, харин тэнгэр дэх тэнгэрэлч нартай адил болох юм. Харин үхэгсэд амилах тухайд Мосегийн номд “Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан бол Би байгаа юм” гэж бутан дотроос Мосед Бурхан айлдсаныг та нар уншаагүй юу? Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан. Та нар ихэд төөрөлджээ гэж хэлэв.