Марк 11:12-25

Марк 11:12-25 АБ2013

Маргааш нь тэднийг Бетанаас гарах үед Есүс өлсжээ. Тэгээд навчирхаг инжрийн модыг холоос харж, модноос юм олж юу магад гээд явлаа. Тэр очоод, навчнаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжрийн цаг болоогүй байв. Есүс тэр модонд —Чамаас хэн ч хэзээ ч дахиж жимс бүү идэг! гэв. Шавь нар нь сонсож байлаа. Тэд Иерусалимд ирцгээлээ. Есүс сүмд ороод, тэнд байсан худалдаачдыг болон худалдан авагсдыг хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээнүүд ба тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхив. Сав суулга зөөж, сүмээр явахыг Тэрээр хэнд ч эс зөвшөөрөв. Есүс тэдэнд заан, —“Миний гэр бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэх болно” гэж бичигдсэн бус уу? Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгожээ гэв. Ахлах тахилч нар ба хуулийн багш нар үүнийг сонсоод, Есүсийг хөнөөх арга зам хайж байлаа. Учир нь олон түмэн бүгд Түүний сургаалыг сонсоод гайхаж байсан тул тэд Есүсээс айж байв. Орой болоход тэр хотоос гарч явдаг байлаа. Өглөөгүүр тэр хавиар өнгөрөхдөө, нөгөө инжрийн мод үндэснээсээ хатсаныг тэд үзэв. Петр санаж —Багш аа, хараач! Таны хараасан инжрийн мод хатчихаж гэхэд Есүс тэдэнд хариулан —Бурханд итгэгтүн. Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар энэ ууланд “Дээш өргөгдөж тэнгист хаягд” гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй, харин хэлж байгаа чинь бүтнэ гэдэгт итгэвэл энэ нь биелэх болно. Тийм учир Би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбиран гуйна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно. Та нар залбиран зогсохдоо хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын алдааг уучилна.