Марк 11:1-19
Марк 11:1-19 АБ2013
Тэд Иерусалимд, Чидун уулын ойролцоо Бетфаг болон Бетанд ойртон иржээ. Есүс шавь нараасаа хоёрыг илгээж тэдэнд —Эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Тэнд очоод та нар хүн ер унаж байгаагүй уяатай дудранг олно. Тайлаад энд авчир. “Яагаад ингэж байна?” гэж хэн нэгэн та нарт хэлбэл “Эзэнд энэ хэрэгтэй байна. Даруй үүнийг чинь ийшээ явуулчихна” гээрэй гэв. Тэд явж, гудамжинд үүдэнд уяатай дудранг олов. Тэгээд уяаг нь тайлж байтал тэнд зогсож байгсдын зарим нь —Дудранг тайлж та нар яах гээв? гэхэд тэд Есүсийн айлдсаны дагуу хэлсэнд тэднийг явуулав. Тэд дудранг Есүст авчраад дээр нь дээлүүдээ тохож Есүсийг мордуулав. Олон түмэн дээлээ зам дээр дэвсэж, зарим нь талбайгаас цавчсан найлзуурыг дэлгэжээ. Өмнө хойно нь явагсад —Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Эцэг Давидын маань Айсуй хаанчлал ерөөлтэй еэ! Хамгийн дээдэд Хосанна! гэж хашхиралдаж байлаа. Есүс Иерусалимд орж, сүмд очив. Эргэн тойрноо харахад, цаг хэдийнээ орой болсон тул Есүс арван хоёрынхоо хамт гарч Бетаныг зүглэв. Маргааш нь тэднийг Бетанаас гарах үед Есүс өлсжээ. Тэгээд навчирхаг инжрийн модыг холоос харж, модноос юм олж юу магад гээд явлаа. Тэр очоод, навчнаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжрийн цаг болоогүй байв. Есүс тэр модонд —Чамаас хэн ч хэзээ ч дахиж жимс бүү идэг! гэв. Шавь нар нь сонсож байлаа. Тэд Иерусалимд ирцгээлээ. Есүс сүмд ороод, тэнд байсан худалдаачдыг болон худалдан авагсдыг хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээнүүд ба тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхив. Сав суулга зөөж, сүмээр явахыг Тэрээр хэнд ч эс зөвшөөрөв. Есүс тэдэнд заан, —“Миний гэр бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэх болно” гэж бичигдсэн бус уу? Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгожээ гэв. Ахлах тахилч нар ба хуулийн багш нар үүнийг сонсоод, Есүсийг хөнөөх арга зам хайж байлаа. Учир нь олон түмэн бүгд Түүний сургаалыг сонсоод гайхаж байсан тул тэд Есүсээс айж байв. Орой болоход тэр хотоос гарч явдаг байлаа.