Марк 10:1-52
Марк 10:1-52 АБ2013
Тэгээд Тэрээр тэр газрыг орхиж, Иорданы чанад Иудейн нутагт ирэв. Дахиад л үй олноороо Түүн дээр цуглахад, Тэр заншсанаараа тэдэнд заав. Хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж —Хүн эхнэрээсээ салж болох уу? гэж асуухад Есүс хариуд нь тэдэнд —Мосе та нарт юу гэж тушаасан бэ? гэсэнд тэд —Цуцлалтын бичиг үйлдээд, салахыг Мосе зөвшөөрсөн шүү дээ гэв. Гэтэл Есүс тэдэнд —Зүрхний чинь хатуугаас болж тэр та нарт ийм тушаал бичсэн юм. Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг эр, эмээр бүтээсэн. Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэлээ. Айлд байхдаа шавь нар нь энэ тухай дахиад л Түүнээс асуув. Есүс тэдэнд —Хэн эхнэрээсээ салж, өөр нэгтэй гэрлэнэ, тэр эхнэрийнхээ өмнө завхайрсан болно. Эхнэр нь нөхрөөсөө салж, өөр нэгтэй гэрлэвэл тэр эм завхайрсан болно гэв. Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхээр Түүнд авчирсанд шавь нар тэднийг зандарчээ. Есүс хараад зэвүүцэж, тэдэнд —Хүүхдүүдэд зөвшөөрч, Тэднийг Над дээр ирэхийг нь бүү хоригло. Учир нь Бурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм. Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хүн тийш ер орохгүй гэжээ. Есүс хүүхдүүдийг тэвэрч, тэдэн дээр гараа тавиад ерөөв. Түүнийг аян замдаа гарч явахад нь нэгэн хүн гүйн ирж өмнө нь сөгдөөд —Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ? гэж асуув. Есүс түүнд —Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш. “Чи хүн бүү ал, чи бүү завхайр, чи бүү хулгайл, чи худал хуурмаг бүү гэрчил, чи бүү мэхэл, эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэсэнд тэр Түүнд —Багш аа, энэ бүхнийг би бага залуугаасаа л сахисан гэв. Есүс түүнийг ширтэн харж, хайрлан —Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн гэсэн бүхнээ зарж, ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ. Гэвч энэ үгнээс болж түүний царай нь барайж, гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэр маш их хөрөнгөтэй байв. Есүс тойруулан хараад, шавь нартаа —Хөрөнгөтэй нь Бурханы хаанчлалд орох юутай бэрх вэ! гэв. Шавь нар Түүний үгэнд гайхсан боловч Есүс тэдэнд дахин —Хүүхдүүд минь, Бурханы хаанчлалд орох юутай хэцүү вэ! Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ тэвнийн сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар ажээ гэсэнд тэд ихэд гайхаж, хоорондоо —Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээв. Есүс тэднийг хараад —Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж хэлэв. Петр Түүнд —Хараач, бүхнийг орхиод бид Таныг дагасан гээд ярьж эхлэв. Есүс —Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Миний төлөө болон сайнмэдээний төлөө гэр орон эсвэл ах эгч дүүсээ эсвэл эцэг эх эсвэл хүүхдүүдээ эсвэл эдлэн газраа орхино, тэр одоо энэ үед гэр орон, ах эгч дүүсээ, эхээ, хүүхдүүдээ, эдлэн газраа хавчлагатай хамт зуу дахин илүү авна. Мөн ирэх үед мөнх амийг авна. Харин эхэнд байгаа олон нь сүүлчийнх, сүүлчийнх нь эхнийх болох болно гэлээ. Тэд Иерусалимд очихоор замд явж байв. Есүс өмнө нь явж байлаа. Тэд гайхаж байсан бөгөөд дагалдан явагсад айж байв. Есүс дахиад л арван хоёроо дэргэдээ авч, Өөрт нь юу тохиолдохыг тэдэнд айлдаж эхлэв. — Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүү ахлах тахилч нар ба хуулийн багш нарын гарт тушаагдах бөгөөд Тэд Түүнд алах ял тулгаж, Түүнийг харийнханд тушаана. Тэд Түүнийг доромжилж, нулимж, ташуурдаад ална. Тэгээд гурав хоногийн дараа Тэр амилна гэв. Зебедеен хоёр хүү Иаков, Иохан нар Есүст ойртон ирж Түүнд —Багш аа, гуйлтыг маань юу ч байсан гүйцэлдүүлэхийг Танаас хүсэж байна гэв. Тэр —Та нарт юу хийж өгөхийг Надаас хүсэж байгаа юм бэ? гэхэд тэд Түүнд —Та сүр жавхландаа бидний нэгийг баруун гар талдаа, нөгөөг нь зүүн талдаа суухыг болгоогооч гэв. Харин Есүс —Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж, Миний хүртэж байгаа баптисмыг хүртэж чадах юм уу? гэхэд тэд Түүнд —Чадна гэв. Есүс тэдэнд —Миний уух аяганаас та нар ууж, Миний хүртэж байгаа баптисмыг та нар хүртэх болно. Харин баруун зүүн талд минь суухыг Би болгоодог юм биш. Харин энэ нь бэлтгэгдсэн тэр хүмүүсийнх юм гэж хэлэв. Үүнийг сонсоод, арав нь Иаков, Иохан нарт зэвүүцэж эхлэв. Есүс тэднийг дуудаж тэдэнд —Харийнхны захирагчдаар тодрогсод ард олноо ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг эрхшээдгийг та нар мэднэ. Харин та нарын дунд бүү ийм байг. Хэн чинь та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. Мөн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь бүгдийн боол болог. Учир нь Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв. Тэд Иериход ирэв. Есүс шавь нартайгаа болоод үй олонтой Иерихогоос гарч явтал Тимайн хүү Бартимай гэгч сохор гуйлгачин замын хажууд сууж байв. Назарын Есүс явж байгааг тэр дуулаад —Давидын хүү Есүс ээ, намайг өршөөгөөч гэж хашхирч эхлэв. Түүнийг дуугүй бай гэж олноороо зандарсан боловч тэр харин бүр —Давидын хүү, намайг өршөөгөөч гэж улам их хашхирсаар байв. Есүс зогсон —Түүнийг дууд гэлээ. Тэд сохрыг дуудаж түүнд —Зоригтой бай, бос. Тэр чамайг дуудаж байна гэв. Тэр гадуур хувцсаа хаяад, үсрэн босож Есүс уруу очив. Есүс түүнд —Өөрсдийнхөө төлөө юу хийлгэхийг Надаас хүснэ вэ? гэхэд сохор эр Түүнд —Рабуни, (Багш гэсэн утгатай) намайг дахин хардаг болгооч гэв. Есүс түүнд —Яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэсэнд тэрээр тэр даруй дахин хараа орж, Есүсийг замд нь дагалаа.