Марк 1:9-20
Марк 1:9-20 АБ2013
Тэр өдрүүдэд Галилын Назар хотоос Есүс ирж, Иордан голд Иоханаас баптисм хүртжээ. Уснаас гарч ирсэн даруйд нь тэнгэр заагдан, Сүнс тагтаа мэт Өөр дээр нь буухыг Тэр үзэв. Тэнгэрээс дуун гарч —Хайрт Хүү минь Чи билээ. Таалал минь Чамд оршдог гэв. Тэр даруй Сүнс Есүсийг цөл уруу гаргав. Есүс Сатанд сориулан цөлд дөч хоног байв. Тэнд Тэр зэрлэг амьтдын дунд байсан бөгөөд тэнгэрэлч нар Түүнд үйлчилж байлаа. Иоханыг баривчлагдсаны дараа Есүс Галилд ирж, Бурханы сайнмэдээг тунхаглан — Тэр цаг биелэлээ оллоо. Бурханы хаанчлал айсуй. Гэмшиж, сайнмэдээнд итгэгтүн гэж байлаа. Есүс Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй Симон, түүний дүү Андрей нарыг харав. Тэд загасчид аж. Есүс тэдэнд —Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно гэлээ. Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа. Тэр жаахан цааш яваад Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан нарыг завин дотроо тороо сэлбэж буйг харав. Тэр даруй Есүс тэднийг дуудсанд тэд эцэг Зебедеегээ хөлсний ажилчдын хамт завинд орхиод, Түүнийг дагалаа.