Марк 1:21-39

Марк 1:21-39 АБ2013

Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт орж заав. Хүмүүс сургаалыг нь гайхаж байлаа. Учир нь Есүс хуулийн багш нар шиг бус, эрх мэдэлтэй Нэгэний хувьд тэдэнд зааж байв. Тэр үед тэдний синагогт бузар сүнстэй нэгэн хүн байв. Тэр хашхиран — Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таны хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг би мэднэ гэв. Есүс түүнийг зандарч —Дуугүй бай. Түүнээс гар гэв. Бузар сүнс тэр хүнийг унагаж татвалзуулаад, чанга дуугаар орилон түүнээс гарав. Бүгд гайхаж, өөр хоорондоо асуун —Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шинэ сургаал байна! Тэр бузар сүнснүүдэд эрх мэдлээр тушаахад тэд Түүнд дуулгавартай байна гэж байлаа. Түүний тухай зар тэр даруй Галил орчмын бүх нутгаар тархжээ. Синагогаас гарч ирсэн даруйдаа тэд Иаков Иохан нарын хамт Симон Андрей хоёрын гэрт очив. Симоны хадам эх халуураад хэвтэж байлаа. Тэд Есүст даруй түүний тухай хэлэхэд Тэр түүн уруу очиж гараас нь барин босгомогц халуун нь арилж, тэр эмэгтэй босоод тэдэнд үйлчлэв. Тэр орой нар жаргах үеэр тэд өвчтэй ба чөтгөр шүглэсэн олон хүнийг Түүнд авчрав. Хотынхон бүгдээрээ үүдэнд нь цугласан байлаа. Есүс төрөл бүрийн өвчтэй олон хүнийг эдгээсэн бөгөөд олон чөтгөрийг зайлуулахдаа, юм ярихыг чөтгөрүүдэд эс зөвшөөрөв. Учир нь Түүнийг хэн гэдгийг тэд мэдэж байсан юм. Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв. Симон болон хамт байгсад нь Түүнийг хайж, олоод —Бүгд Таныг эрж байна гэхэд Есүс —Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав. Есүс, Галил даяар явахдаа синагогуудад нь очиж тунхаглан, чөтгөрүүдийг зайлуулж байлаа.