Матай 9:9-17

Матай 9:9-17 АБ2013

Есүс тэндээс гарч явангаа, татварын газар суух Матай гэгч хүнийг харав. Тэр түүнд —Намайг дага гэсэнд тэр босож, Түүнийг дагалаа. Есүсийг айлд ширээнд тухлан байтал, татвар хураагч, нүгэлтнүүд олноороо ирж, Есүс ба шавь нарынх нь хамт тухлан суув. Үүнийг харсан фарисайчууд шавь нарт нь —Яахаараа танай багш татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт хооллож байдаг билээ? гэжээ. Харин Есүс үүнийг сонсоод —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Харин явж “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв. Дараа нь Иоханы шавь нар Түүн дээр ирж —Бид нар бас фарисайчууд байнга мацаг барьдаг. Харин Таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэхэд Есүс тэдэнд хэлсэн нь —Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа гашуудаж болно гэж үү? Гэвч хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд тэд мацаг барина. Хэн ч хуучин дээлэн дээр агчаагүй даавуугаар нөхөөс тавьдаггүй. Тэгвэл нөхөөс дээлийг таталдуулж бүр ихээр урна. Шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвээс тулам зад үсэрч дарс асгаран, тулам ч сүйднэ. Харин шинэ дарсыг шинэ туламд хийдэг. Ингэвэл аль аль нь хэвээрээ байх болно.