Матай 8:18-34
Матай 8:18-34 АБ2013
Эргэн тойронд нь байгаа үй олныг Есүс хараад, нуурын нөгөө тал уруу явахыг тушаав. Нэгэн хуулийн багш ирж, Түүнд —Багш аа, би Таныг хаа ч явсан дагая гэв. Есүс түүнд —Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр байдаг ч Хүний Хүүд толгой хоргодох газар ч үгүй гэлээ. Дагалдагчдын нэг нь Түүнд —Эзэн, эхлээд явж, эцгээ оршуулахыг минь надад зөвшөөрөөч гэсэнд Есүс —Намайг дага, үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул гэв. Түүнийг завинд суухад, шавь нар нь Түүнийг дагалаа. Гэнэт нуурт хүчтэй шуурга босож, завь давалгаанд автахад Есүс харин унтаж байлаа. Тэд ирж, Түүнийг сэрээгээд —Эзэн авраач, бид сүйрлээ гэхэд нь Есүс тэдэнд —Юунд айцгаана вэ, өчүүхэн итгэлтнүүд ээ? гээд Тэр босож, салхи болоод нуурыг зандарчээ. Гэтэл нам гүм боллоо. Хүмүүс гайхаж —Энэ ер нь ямар янзын хүн болоод салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байгаа юм бол оо? гэлцэв. Түүнийг нуурын нөгөө талд гадарчуудын нутагт ирэхэд, чөтгөр шүглэсэн хоёр хүн булшнуудын тэндээс гарч ирээд, Түүнтэй тулгарав. Тэд их хэрцгий догшин тул тэр замаар нэг ч хүн явж зүрхэлдэггүй байжээ. Үзэгтүн, тэд хашхиран —Бурханы Хүү, Та бидэнд ямар хамаатай билээ? Цагаас маань өмнө биднийг тарчилгахаар Та энд ирэв үү? гэв. Тэнд сүрэг гахай тэднээс зайдуухан идшилж байлаа. Чөтгөрүүд Түүнээс гуйж —Та биднийг хөөж гаргах гэж байгаа бол биднийг сүрэг гахайд оруулаач гэв. Тэр —Зайлцгаа гэхэд сүнснүүд гарч гахайнуудад шүглэхэд, үзэгтүн, гахайн сүрэг бултаараа нуурын эгц ганга дээрээс давхилдан усанд орж, живцгээлээ. Гахайчид зугтаж тосгонд ороод болсон бүгдийг бас чөтгөр шүглэгчдийн тухай ярив. Үзэгтүн, хотынхон бүгдээрээ Есүстэй уулзахаар ирж, Түүнийг үзээд нутгаасаа явахыг гуйв.