Матай 8:1-17

Матай 8:1-17 АБ2013

Есүсийг уулнаас бууж ирэхэд ард олон Түүнийг дагав. Үзэгтүн, нэгэн уяман өвчтөн Түүн дээр ирээд, өмнө нь сөгдөж —Эзэн минь, Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэхэд Есүс гараа сунган түүнд хүрээд —Би хүсэж байна. Цэвэрш гэхэд тэр даруй тэрээр уяман өвчнөөс цэвэршжээ. Есүс түүнд —Хэнд ч бүү ярь! Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэл болгон Мосегийн тушаасан өргөлийг өргө гэлээ. Есүсийг Капернаумд явж ороход нэгэн зуутын дарга Түүн дээр ирээд, Түүнээс гуйж — Эзэнтээн, зарц минь саа өвчин тусаж гэртээ хэвтээд сүрхий өвдөж шаналж байна гэхэд Есүс —Би очиж, түүнийг эдгээе гэж хэлэв. Харин зуутын дарга —Эзэнтээн, би Таныг дээвэр дороо оруулах зохистой нь биш ээ. Харин үг л хэлээч, тэгвэл зарц минь эдгэрнэ. Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг. Нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Зарцдаа “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж хариулав. Есүс үүнийг сонсоод гайхаж, дагаж явсан олонд —Үнэнээр Би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израильд хэнээс ч олоогүй юм байна. Би та нарт хэлье. Дорноос хийгээд өрнөөс олноороо ирцгээж, тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт ширээнд тухлах болно. Харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхуйд хаягдана. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй гэв. Тэгээд Есүс зуутын даргад —Яв, чиний итгэсэнчлэн болог гэх яг тэр цагт зарц нь эдгэрчээ. Есүс, Петрийн гэрт очоод, хадам эхийг нь халуурчихсан хэвтэж байхыг харлаа. Есүс түүний гарт хүрэхэд халуун нь арилж, тэр эмэгтэй босоод Түүнд үйлчлэв. Тэд тэр орой чөтгөр шүглэсэн олон хүнийг Түүнд авчирсанд, Есүс сүнснүүдийг үгээр хөөн зайлуулж, өвдсөн бүгдийг эдгээжээ. Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар «Тэр бидний сул дорой байдлыг авч, өвчин зовлонг маань үүрсэн» гэж хэлүүлсэн нь биелэхийн тулд байлаа.