Матай 5:17-30

Матай 5:17-30 АБ2013

Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм. Үнэнээр Би та нарт хэлье, тэнгэр газар өнгөрөн одож, бүгд биелэгдтэл хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй. Эдгээр тушаалын хамгийн өчүүхнийг нь ч үл тоомсорлон, бусдад тийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нэгэн гэгдэх болно. Харин эдгээрийг сахиж, ийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд агуу нэгэн гэгдэх болно. Би та нарт хэлье, та нарын зөвт байдал фарисайчууд болон хуулийн багш нарынхаас илүү гарахгүй л бол та нар тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй. “Чи хүн бүү ал, хүний амь хөнөөсөн хэн боловч шийтгүүлбэл зохино” гэж хууччуулд айлдсаныг та нар сонссон. Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ “Хоосон толгой” гэж хэлсэн хэн боловч Зөвлөлийн өмнө буруутай. “Мунхаг” гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно. Иймээс чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал, өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө. Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болох түргэн сайд. Эс тэгвэл арцалдагч чинь чамайг шүүгчид өгч, шүүгч түшмэлд хүргэж, чи шоронд хаягдах вий. Үнэнээр Би та нарт хэлье, чи эцсийн зоосыг төлтлөө тэндээс гарахгүй. “Чи бүү завхайр” гэснийг та нар дуулсан. Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм. Баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл ухаж аваад хая. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй нь чамд дээр. Баруун гар чинь чамайг бүдрүүлбэл тастаад хая. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй нь чамд дээр.

Матай 5:17-30 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв