Матай 5:1-26

Матай 5:1-26 АБ2013

Есүс түмэн олныг хараад, уул өөд гаран суухад шавь нар нь Түүн дээр ирлээ. Тэр ам нээн тэдэнд сургамжилж хэлэхдээ: Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно. Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ! Тэд дэлхийг өвлөх болно. Зөвт байдлын төлөө өлсөж, цангагсад ерөөлтэй еэ! Тэд цатгагдах болно. Энэрэнгүйчүүл ерөөлтэй еэ! Тэд өршөөл энэрлийг хүртэх болно. Зүрхэндээ цэвэр ариун байгсад ерөөлтэй еэ! Тэд Бурханыг харах болно. Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно. Зөвт байдлын төлөө хавчигдагсад ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юм худлаар ярихад, та нар ерөөлтэй еэ! Тэнгэр дэх шагнал чинь агуу учир баярлацгаа мөн хөөрөн баясацгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм. Та нар газрын давс. Хэрэв давс амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох вэ? Энэ нь гадагш хаягдаж, хүмүүсийн хөл дор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болохгүй. Та нар ертөнцийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. Хэн ч дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг. Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм. Үнэнээр Би та нарт хэлье, тэнгэр газар өнгөрөн одож, бүгд биелэгдтэл хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй. Эдгээр тушаалын хамгийн өчүүхнийг нь ч үл тоомсорлон, бусдад тийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нэгэн гэгдэх болно. Харин эдгээрийг сахиж, ийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд агуу нэгэн гэгдэх болно. Би та нарт хэлье, та нарын зөвт байдал фарисайчууд болон хуулийн багш нарынхаас илүү гарахгүй л бол та нар тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй. “Чи хүн бүү ал, хүний амь хөнөөсөн хэн боловч шийтгүүлбэл зохино” гэж хууччуулд айлдсаныг та нар сонссон. Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ “Хоосон толгой” гэж хэлсэн хэн боловч Зөвлөлийн өмнө буруутай. “Мунхаг” гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно. Иймээс чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал, өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө. Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болох түргэн сайд. Эс тэгвэл арцалдагч чинь чамайг шүүгчид өгч, шүүгч түшмэлд хүргэж, чи шоронд хаягдах вий. Үнэнээр Би та нарт хэлье, чи эцсийн зоосыг төлтлөө тэндээс гарахгүй.

Матай 5:1-26 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв