Матай 28:1-15

Матай 28:1-15 АБ2013

Амралтын өдрийн дараа долоо хоногийн эхний өдөр үүрээр Магдалын Мариа болон нөгөө Мариа нар булшийг үзэхээр ирэв. Харагтун, маш хүчтэй газар хөдлөлт болов. Учир нь Эзэний тэнгэрэлч тэнгэрээс буун ирж, чулууг зайлуулаад дээр нь суужээ. Түүний үзэгдэх төрх аянга лугаа адил, хувцас нь цас мэт цагаан байв. Харуулууд түүнээс айн чичирч, үхдэл мэт болжээ. Тэгтэл тэнгэрэлч эмэгтэйчүүдэд —Бүү ай. Цовдлогдсон Есүсийг хайж буйг чинь мэдэж байна. Тэр энд байхгүй. Учир нь хэлснээрээ Тэр амилсан. Ирэгтүн. Түүний хэвтэж байсан газрыг үзэгтүн. Хурдан очиж, шавь нарт нь “Тэр үхэгсдээс амилжээ. Харагтун, Тэр та нараас түрүүнд Галил уруу явсан тул та нар тэнд Түүнийг харах болно” гэж хэл. Үзэгтүн, би та нарт хэллээ гэв. Тэд айдас болон бөөн баяртайгаар булшнаас хурдан зайлж, шавь нарт нь мэдэгдэхээр гүйлдлээ. Харагтун, Есүс тэднийг тосон ирж, —Амар байна уу? гэхэд тэд дөхөж очоод хөлөөс нь зуурч, Түүнд мөргөлөө. Тэгээд Есүс тэдэнд —Бүү ай. Явж, ах дүүст минь Галил уруу яв гэж мэдэгд. Тэнд Намайг тэд харах болно гэж айлдлаа. Тэднийг замдаа явж байх зуур, харагтун, харуулуудын зарим нь хотод ирж, болсон бүхнийг ахлах тахилч нарт мэдэгдэв. Тэд ахлагчидтай чуулж зөвлөлдөөд, цэргүүдэд их мөнгө өгч, — “Шавь нар нь шөнө ирээд, биднийг унтаж байх зуур Түүнийг хулгайлчихлаа” гэж та нар хэл. Захирагчийн сонорт энэ тухай хүрэх юм бол бид ятгаж, та нарыг гайгаас мултална гэв. Тэд мөнгийг аваад, заасан ёсоор нь гүйцэтгэв. Энэ яриа иудейчүүдийн дунд энэ өдрийг хүртэл тархжээ.