Матай 27:32-54

Матай 27:32-54 АБ2013

Тэд гарч явахдаа Курений хүн Симон гэгчтэй тааралдаж, түүнийг албадаж Түүний загалмайг үүрүүлэв. Тэгээд тэд Гавалын газар гэсэн утгаар Голгота гэж дууддаг газарт хүрч ирээд, цөстэй хольсон дарсыг Түүнд уулгахаар өгөв. Тэр амссан ч уусангүй. Тэд Түүнийг цовдолсны дараа шавга хаяцгаан, хувцсыг нь хуваан авч, суугаад тэндээ Түүнийг харгалзаж байв. Тэд тэргүүн дээр нь «Энэ бол Есүс, иудейчүүдийн Хаан» гэж ялыг нь бичсэн пайз хадлаа. Тэгэхэд Түүнтэй хоёр дээрэмчин, нэг нь баруун, нөгөө нь зүүн талд нь цовдлуулав. Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгой сэгсрэн Түүнийг доромжилж, — Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг Чи Өөрийгөө авраач. Чи Бурханы Хүү мөн юм бол загалмайнаас буугаач гэцгээж байлаа. Ахлах тахилчид ч хуулийн багш нар болоод ахлагчдын хамт мөн адил элэглэн — Тэр бусдыг аварсан ч Өөрийгөө аварч чадахгүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг. Тэгвэл бид Түүнд итгэнэ. Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. “Бурханы Хүү бол Би байгаа юм” гээд л байсан биз дээ гэцгээв. Хамт цовдлогдсон дээрэмчид ч Түүнийг бас доромжилжээ. Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв. Есдүгээр цагийн орчим Есүс чанга дуугаар —Ели, Ели, лема сабахтани? гэж хашхирлаа. Энэ нь «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?» гэсэн үг аж. Тэнд зогсогсдын зарим нь сонсоод —Энэ Елиаг дуудаж байна гэв. Тэдний нэг нь тэр даруй гүйж, далайн хөвөн авч, цагаан цуу шингээгээд, хулсны үзүүрт торгоон Түүнд уулгахаар өглөө. Харин бусад нь —Елиа Түүнийг аврахаар ирэх эсэхийг харцгаая гэв. Есүс дахин чангаар хашхираад амьсгал хураав. Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуурсан ба газар хөдлөн хад чулуу бут үсэрч, булш нээгдэн нойрссон олон ариун хүний биес амилуулагдаж, Есүсийн амиллын дараа булшнуудаас гарч, ариун хотод орж, олонд харагджээ. Зуутын дарга ба Есүсийг харгалзагсад газар хөдлөлт ба болж буй зүйлийг хараад, ихэд айн —Энэ үнэхээр Бурханы Хүү байжээ гэв.

Матай 27:32-54 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв