Матай 27:32-44

Матай 27:32-44 АБ2013

Тэд гарч явахдаа Курений хүн Симон гэгчтэй тааралдаж, түүнийг албадаж Түүний загалмайг үүрүүлэв. Тэгээд тэд Гавалын газар гэсэн утгаар Голгота гэж дууддаг газарт хүрч ирээд, цөстэй хольсон дарсыг Түүнд уулгахаар өгөв. Тэр амссан ч уусангүй. Тэд Түүнийг цовдолсны дараа шавга хаяцгаан, хувцсыг нь хуваан авч, суугаад тэндээ Түүнийг харгалзаж байв. Тэд тэргүүн дээр нь «Энэ бол Есүс, иудейчүүдийн Хаан» гэж ялыг нь бичсэн пайз хадлаа. Тэгэхэд Түүнтэй хоёр дээрэмчин, нэг нь баруун, нөгөө нь зүүн талд нь цовдлуулав. Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгой сэгсрэн Түүнийг доромжилж, — Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг Чи Өөрийгөө авраач. Чи Бурханы Хүү мөн юм бол загалмайнаас буугаач гэцгээж байлаа. Ахлах тахилчид ч хуулийн багш нар болоод ахлагчдын хамт мөн адил элэглэн — Тэр бусдыг аварсан ч Өөрийгөө аварч чадахгүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг. Тэгвэл бид Түүнд итгэнэ. Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. “Бурханы Хүү бол Би байгаа юм” гээд л байсан биз дээ гэцгээв. Хамт цовдлогдсон дээрэмчид ч Түүнийг бас доромжилжээ.