Матай 27:1-14

Матай 27:1-14 АБ2013

Өглөө эрт ахлах тахилч нар ба ард олны ахлагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөн, Түүнийг хүлж аваачаад захирагч Пилатад өгөв. Түүнээс урвасан Иудас Түүний яллагдсаныг хараад харуусаж, гучин мөнгөн зоосыг ахлах тахилчид болон ахлагчдад буцаан өгч — Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд —Энэ бидэнд хамаагүй. Өөрөө мэд гэв. Иудас мөнгөн зоосыг сүм дотор чулуудаад, зайлан явж, өөрийгөө дүүжилжээ. Ахлах тахилч нар мөнгөн зоосыг авч —Энэ нь цусны үнэ тул үүнийг сүмийн эрдэнэсийн санд хийх нь ёс бус юм гэв. Тэд зөвлөлдөөд тэр мөнгөөр ваарчны талбайг худалдан авч, гаднынхныг тавьдаг газар болгов. Тиймээс тэр талбай энэ өдрийг хүртэл «Цуст талбай» хэмээгдэх болжээ. Тийнхүү эш үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн бөгөөд тэр «Израилийн хөвгүүдийн Түүнд тогтоосон үнэ, гучин мөнгөн зоосыг тэд авч, Эзэний надад айлдсан ёсоор ваарчны талбайг худалдан авав» гэж хэлсэн байжээ. Есүс захирагчийн өмнө зогсов. Захирагч Түүнээс —Та иудейчүүдийн Хаан мөн юм уу? гэж асуухад Есүс —Та ч хэлж байна гэв. Ахлах тахилч нар болон ахлагчдаар яллуулахдаа Тэр юу ч хариулсангүй. Пилат Түүнд —Тэд ямар олон зүйл Таны эсрэг гэрчилж байгааг Та сонсохгүй байна уу? гэхэд Тэр түүнд ганц ч үг хариулсангүйд захирагч ихэд гайхжээ.