Матай 26:6-13

Матай 26:6-13 АБ2013

Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт байхад, их үнэтэй тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй Түүн дээр ирээд, Түүнийг хооллохоор тухлахад толгойд нь тосоо цутгав. Шавь нар нь хараад зэвүүцэж —Юунд ийм үрэлгэн байна вэ? Энэ тосыг өндөр үнээр зарж, ядууст өгч болох байлаа шүү дээ гэцгээв. Харин Есүс үүнийг мэдээд, тэдэнд —Та нар юунд энэ эмэгтэйд төвөг удна вэ? Тэр Надад сайныг үйлдэв. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй. Энэ эмэгтэй бие дээр минь үнэртнийг цутгаснаараа Намайг оршуулгад минь бэлтгэв. Үнэнээр Би та нарт хэлье. Энэхүү сайнмэдээ ертөнцийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, үйлс нь яригдах болно гэлээ.