Матай 26:47-68

Матай 26:47-68 АБ2013

Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, арван хоёрын нэг буюу Иудас нь ахлах тахилч нар болон ард олны ахлагчдын явуулсан илд шийдэмтэй бөөн хүний хамт хүрч ирэв. Түүнээс урвасан нэгэн тэдэнд —Хэнийг би үнсэнэ, Тэр мөн. Түүнийг барь хэмээн дохио өгсөн байлаа. Тэр даруй Есүс уруу очиж «Амар байна уу, Рабби» гээд Түүнийг үнсэв. Есүс түүнд —Анд минь, чи яах гэж ирэв? гэлээ. Тэгээд тэд ирж, Есүсийг гараараа зууран авч баривчлав. Үзэгтүн, Есүстэй хамт байгсдын нэг нь гар сунган илдээ сугалаад, тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ. Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд авагч бүхэн илдээр хөнөөгдөнө. Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ? гэв. Тэр үед Есүс хурсан олонд —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр та нартай сүмд сууж, зааж байхад минь та нар Намайг бариагүй. Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Бичвэр биелэгдэхийн тулд болов гэв. Тэгтэл шавь нар бүгд Түүнийг орхин зугтжээ. Есүсийг бариад тэргүүн тахилч Каиафт хүргэхэд хуулийн багш нар, ахлагчид цугласан байв. Харин Петр Түүнийг тэргүүн тахилчийн хашаа хүртэл алсуур дагаж дотогш ороод, зарц нарын хамт, юу болохыг харж суув. Ахлах тахилч нар болон Зөвлөл даяараа Есүсийг хөнөөхийн тулд Түүний эсрэг худал гэрчлэл хайсаар байлаа. Хэдийгээр олон хуурамч гэрч гарч ирсэн боловч тэд юу ч олсонгүй. Харин сүүлд нь хоёр хуурамч гэрч ирээд — “Би Бурханы сүмийг устгаад, гурав хоногийн дотор дахин барьж чадна” гэж энэ хүн хэлж байсан гэв. Тэргүүн тахилч босож, Түүнд —Чамд хариулах юм алга уу? Чиний эсрэг эд нар юу гэрчилж байгаа юм бэ? гэлээ. Гэвч Есүс дуугүй байлаа. Тэгтэл тэргүүн тахилч Түүнд —Чамайг амьд Бурханаар тангараглуулж байна. Чи Бурханы Хүү, Христ мөн юм уу? Бидэнд хэлээч гэв. Есүс түүнд —Та ч өөрөө хэллээ. Харин Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш Хүний Хүүг Хүчит Нэгэний баруун талд заларч, тэнгэрийн үүлэн дээр ирэхийг харах болно гэж айлдав. Тэргүүн тахилч дээлээ хүү татан —Тэр Бурханыг доромжлов. Бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу? Үзэгтүн, та нар сая доромжлол сонслоо. Та нар юу гэж бодож байна? гэхэд тэд —Тэр үхэх ёстой гэцгээлээ. Тэд нүүр уруу нь нулимж, Түүнийг цохиж, зарим нь алгадаад — Чамайг хэн цохисныг эш үзүүлээдэх, Христ ээ? гэцгээв.

Матай 26:47-68 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв