Матай 26:17-56

Матай 26:17-56 АБ2013

Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Орой болоход Тэр арван хоёртойгоо ширээнд тухлан байлаа. Тэднийг зооглон байх үед Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана хэмээхэд тэд ихэд зовнин дор бүрдээ л Түүнээс —Би биш биз дээ, Эзэн! гэцгээв. Тэр —Тавганд Надтай гар дүрэгч нь Надаас урвах болно. Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байхсан гэлээ. Есүсээс урвасан Иудас —Би биш биз дээ, Рабби? гэхэд Тэр —Чи өөрөө хэллээ гэв. Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм. Би та нарт хэлье. Үүнээс хойш Би энэ усан үзмийн дарсыг Эцэгийнхээ хаанчлалд та нартай шинээр уух өдрийг хүртэл уухгүй гэв. Магтуу дуулсныхаа дараа тэд Чидун уул өөд явцгаав. Тэгэхэд Есүс тэдэнд —Та нар энэ шөнө Надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь “Би хоньчинг цохино, хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ. Харин Би амилуулагдсаныхаа дараа та нараас өмнө Галилд очно гэв. Петр Түүнд —Танаас болж бүгд бүдэрлээ ч би хэзээ ч бүдрэхгүй гэхэд Есүс түүнд —Үнэнээр Би чамд хэлье. Энэ шөнө азарган тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ гэв. Тэгтэл Петр Түүнд —Би Тантай хамт үхэх ёстой болсон ч Таныг үгүйсгэхгүй гэхэд шавь нар нь бүгдээрээ бас тэгж хэлцгээв. Есүс тэдний хамт Гетсемани гэдэг газар ирж, шавь нартаа —Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гээд, Петрийг бас Зебедеен хоёр хүүг Тэр авч явав. Тэгээд зовж, шаналж эхлэв. Тэгээд тэдэнд —Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа гэжээ. Тэр жаахан цааш яваад, нүүрээрээ унаж —Эцэг минь, болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэж залбирлаа. Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт —Та нар Надтай ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу? Уруу татагдахгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм. Тэр дахин хоёр дахь удаагаа явж, залбиран —Эцэг минь, Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол Таны хүсэл биелэг гэлээ. Дахин ирээд, тэдний нүд нь анилдсанаас унтсаныг харав. Тэр тэднийг дахин орхиж холдон яваад, гурав дахь удаагаа залбирч, нөгөө үгээ л хэлжээ. Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж, —Та нар унтаж, амарсаар л байна уу? Харагтун, цаг нь айсуй. Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна. Бос, явцгаая. Харагтун, Намайг бариулагч айсуй гэлээ. Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, арван хоёрын нэг буюу Иудас нь ахлах тахилч нар болон ард олны ахлагчдын явуулсан илд шийдэмтэй бөөн хүний хамт хүрч ирэв. Түүнээс урвасан нэгэн тэдэнд —Хэнийг би үнсэнэ, Тэр мөн. Түүнийг барь хэмээн дохио өгсөн байлаа. Тэр даруй Есүс уруу очиж «Амар байна уу, Рабби» гээд Түүнийг үнсэв. Есүс түүнд —Анд минь, чи яах гэж ирэв? гэлээ. Тэгээд тэд ирж, Есүсийг гараараа зууран авч баривчлав. Үзэгтүн, Есүстэй хамт байгсдын нэг нь гар сунган илдээ сугалаад, тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ. Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд авагч бүхэн илдээр хөнөөгдөнө. Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ? гэв. Тэр үед Есүс хурсан олонд —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр та нартай сүмд сууж, зааж байхад минь та нар Намайг бариагүй. Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Бичвэр биелэгдэхийн тулд болов гэв. Тэгтэл шавь нар бүгд Түүнийг орхин зугтжээ.

Матай 26:17-56 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв