Матай 26:1-19

Матай 26:1-19 АБ2013

Есүс энэ бүх яриагаа дуусаад, шавь нартаа — Хоёр хоногийн дараа Алгасал баяр болохыг та нар мэднэ. Хүний Хүү цовдлуулахаар тушаагдана гэлээ. Тэр үед тэргүүн тахилч Каиафын ордонд ахлах тахилч нар болон олны ахлагчид цуглаад, Есүсийг залилан барьж алахаар хуйвалдацгаав. Гэхдээ тэд —Ард олны дунд үймээн гаргахгүйн тулд баярын үеэр болохгүй хэмээцгээв. Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт байхад, их үнэтэй тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй Түүн дээр ирээд, Түүнийг хооллохоор тухлахад толгойд нь тосоо цутгав. Шавь нар нь хараад зэвүүцэж —Юунд ийм үрэлгэн байна вэ? Энэ тосыг өндөр үнээр зарж, ядууст өгч болох байлаа шүү дээ гэцгээв. Харин Есүс үүнийг мэдээд, тэдэнд —Та нар юунд энэ эмэгтэйд төвөг удна вэ? Тэр Надад сайныг үйлдэв. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй. Энэ эмэгтэй бие дээр минь үнэртнийг цутгаснаараа Намайг оршуулгад минь бэлтгэв. Үнэнээр Би та нарт хэлье. Энэхүү сайнмэдээ ертөнцийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, үйлс нь яригдах болно гэлээ. Тэр үед арван хоёрын нэг Искариотын Иудас ахлах тахилч нарт очиж — Түүнийг та нарт барьж өгвөл та нар надад юу өгмөөр байна? гэхэд тэд түүнд гучин мөнгөн зоос дэнслэв. Тэр мөчөөс эхлэн Есүсийг барьж өгөх аятай завшааныг тэрээр эрэлхийлж эхлэв. Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв.