Матай 25:37-45
Матай 25:37-45 АБ2013
зөвт хүмүүс Түүнд “Эзэн, бид хэзээ өлсөж байхыг тань хараад хооллож, цангахад тань уух юм өгсөн бэ? Хэзээ бид харь хүн байсныг тань хараад, урьж оруулан нүцгэн байхад тань хувцасласан бэ? Хэзээ бид өвчтэй байхыг тань хараад, эргэж, шоронд байхад тань очсон юм бэ?” гэх болно. Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ. Тэгээд Тэр зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэрэлч нарт бэлтгэсэн мөнх галд ор. Учир нь та нар өлсөж байхад минь идэх юм өгөөгүй, цангаж байхад минь уух юм өгөөгүй, харь хүн байхад минь урьж оруулаагүй, нүцгэн байхад минь хувцаслаагүй, өвчтэй ба шоронд байхад минь Намайг эргээгүй” гэж хэлнэ. Тэд мөн адил “Эзэн, хэзээ бид Таныг өлсөж, цангаж, харь хүн, нүцгэн, өвчтэй, шоронд байхыг тань хараад, Танд үйлчлээгүй юм бэ?” гэх болно. Тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээрийн дорд нэгэнд ийн үйлдээгүй бол Надад ч үйлдээгүй хэрэг” гэж хэлнэ.