Матай 24:15-51

Матай 24:15-51 АБ2013

Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузрыг та нар ариун газарт зогсохыг харах аваас (уншигч нь ойлгог) Иудейд байгсад нь уулс уруу зугтаг. Дээвэр дээр байгаа нь гэрээсээ юмаа авахаар доош бүү бууг. Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг. Харин тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй еэ! Зугтах чинь өвөл эсвэл Амралтын өдөр таарахгүйн тулд залбир. Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй мөн хэзээ ч болохгүй гамшиг болно. Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махбод аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно. Хэрэв хэн нэгэн та нарт “Хараач, Христ энд байна” эсвэл “Тэнд байна” гэвэл бүү итгэ. Хуурамч Христүүд ба хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэнэ. Үзэгтүн. Би та нарт урьдаас хэлэв. Тиймээс тэд та нарт “Хараач, Тэр цөлд байна” гэвэл бүү оч эсвэл “Хараач, Тэр дотоод өрөөнд байна” гэвэл бүү итгэ. Аянга зүүн зүгээс цахилж, баруун зүг хүртэл гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн залрал тийм байх болно. Сэг хаана байна, тэнд тас цуглана. Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно. Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар залрахыг харна. Тэр тэнгэрэлч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно. Одоо инжрийн модноос сургамж ав. Инжрийн модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа дэлгэхэд зун ойртсоныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтүн. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс үгүй болохгүй. Харин тэр өдөр, цагийг хэн ч эс мэднэ. Тэнгэрэлчүүд ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ. Учир нь Хүний Хүүгийн залрал Ноагийн өдрүүдтэй адил байх юм. Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг бүхээгт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж, бүгдийг хаман одох хүртэл тэд мэдээгүй юм. Хүний Хүүгийн залрал ийм байх болно. Тэр үед хоёр хүн талбайд байхад нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тээрэмдэж байхад нэгийг нь авч, нөгөөг нь орхино. Тиймээс Эзэн чинь ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор соргог бай. Харин үүнийг мэд. Хэрэв гэрийн эзэн шөнийн аль манааны үед хулгайч ирэхийг мэдсэнсэн бол тэрээр сэрүүн соргог байж, гэрээ ухуулахгүй байх байсан. Тиймээс та нар ч мөн бэлэн бай. Хүний Хүү та нарын санаагүй цагт ирнэ. Бусад зарц нарынхаа хоол ундыг нь цагт нь өгүүлэхээр эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан, итгэмжит, ухаалаг зарц нь хэн бэ? Тийнхүү үйлдэж байхад эзэн нь ирээд харвал тэр зарц ерөөлтэй еэ! Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн хамаг хөрөнгөө түүнд даатгана. Харин өөдгүй муу зарц зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” гээд, анд нь болох зарц нараа зодож, архичидтай идэж ууж эхэлтэл бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь мөнөөх зарцын эзэн ирж, түүнийг тас хэрчиж, хоёр нүүртнүүдтэй ижил хувь онооно. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй.

Матай 24:15-51 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв