Матай 22:1-22
Матай 22:1-22 АБ2013
Есүс тэдэнд сургаалт зүйрлэлээр дахин айлдсан нь — Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найр хийсэн хаантай зүйрлэж болно. Тэрээр хурим найранд уригдсан хүмүүсийг дуудахаар зарц нараа илгээсэн боловч тэд ирэхийг хүссэнгүй. Тэр дахин «Үзэгтүн, би зоогоо бэлдлээ. Үхэр ба бордсон малаа гаргаж, бүгд бэлэн болов. Хуримд морилон ир гэж уригдагсдад хэл» гээд өөр зарц нарыг илгээв. Гэтэл тэд үл тоомсорлон өөрсдийнхөө мөрөөр явж, нэг нь тариан талбай уруугаа, нөгөө нь наймаандаа явав. Бусад нь зарц нарыг нь барин авч, доромжлон гутаагаад алжээ. Хаан уурлаж, цэргүүдээ илгээн тэр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав. Тэгээд тэр зарц нартаа “Хурим бэлэн боллоо. Харин уригдагсад маань зохисгүй хүмүүс байжээ. Тиймээс та нар гол гудамжаар явж, тааралдсан болгоноо хуримд морилон ирэхийг урь” гэхэд тэр зарц нар гудамжинд гарч, тааралдсан сайн муу бүгдийг цуглуулав. Хуримын танхим зочдоор дүүрчээ. Хаан зочдыг харахаар орж ирээд, хуримын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг харж түүнд “Анд минь, чи хуримын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирэв?” гэхэд тэр үг дуугүй байв. Тэгтэл хаан албат нартаа “Гар хөлийг нь хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй” гэжээ. Учир нь дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив. Тэгээд фарисайчууд явж, Есүсийг хэлсэн үгэнд нь яаж унагахаа хамтдаа зөвлөлдөв. Тэд шавь нараа Херодынхонтой хамт Түүнд илгээж, ингэж асуулгалаа. —Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг, хэнийг ч үл ялгаварлан, хэнд ч тал засдаггүйг мэднэ. Тиймээс Та юу бодож байгаагаа бидэнд хэлээч? Бид Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу? гэхэд Есүс тэдний хорон санааг мэдээд —Хоёр нүүртнүүд ээ, та нар юунд Намайг сорино вэ? Татварт өгдөг зоосыг Надад үзүүлээдэх гэв. Тэд Түүнд нэг денар өгсөнд Тэр —Энэ хэний дүрс, бичээс вэ? гэж асуув. Тэд Түүнд —Цезарийнх гэхэд Есүс —Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэлээ. Үүнийг сонсоод тэд мэл гайхаж, Түүнийг орхин одлоо.