Матай 21:1-22

Матай 21:1-22 АБ2013

Тэд Иерусалимд дөхөж, Чидун уулын бэл дэх Бетфагт ирээд, Есүс хоёр шавиа илгээж тэдэнд —Эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Та нар тэр даруй уяатай илжиг дудрантайгаа байгааг олно. Тэднийг тайлаад Надад авчир. Хэрэв хэн нэгэн та нарт юм хэлбэл “Эд нар Эзэнд хэрэгтэй” гэж хэлээрэй. Тэгвэл тэр тэднийг даруй явуулна гэв. Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд билээ. Юу гэвэл «Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу Даруухнаар, илжиг буюу эдэлгээний адгуусын төл, дудран унаад айсуй гэж Сион охинд дуулга» гэсэн юм. Тэгээд шавь нар явж, Есүсийн захисан ёсоор гүйцэтгэв. Тэд илжгийг дудрантай нь авчраад дээр нь дээлүүдээ тохож Есүсийг мордуулав. Үй олон хүн дээлээ зам дээр дэвсэж зарим нь модноос мөчир огтлон зам дээр дэлгэж байлаа. Өмнө хойно нь явж буй хурсан олон —Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн Дээдэд Хосанна! гэж хашхиралдаж байлаа. Түүнийг Иерусалимд ороход хотынхон бүгд үймэлдэж, —Энэ хэн билээ? гэцгээв. Ард олон —Энэ чинь Галилын Назараас ирсэн эш үзүүлэгч Есүс байгаа юм гэж байв. Есүс сүмд ороод, худалдаачдыг болон худалдан авагсдыг бүгдийг нь хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээнүүд ба тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхиод тэдэнд —“Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно” гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгож байна гэв. Сүмд байхад нь Түүн дээр сохор, доголон хүмүүс ирэхэд Тэр тэднийг эдгээжээ. Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүний үйлдсэн гайхамшигт зүйлсийг болон сүм дотор —Давидын Хүүд Хосанна! гэж хашхиралдах хүүхдүүдийг хараад ихэд зэвүүцэн Түүнд —Та эдний юу хэлж буйг сонсож байна уу? гэхэд Есүс —Тийм ээ, “Хөхүүл хүүхдүүд нялхасын аманд магтаалыг Та Өөртөө бэлдсэн” гэснийг та нар огт уншаагүй юм уу? гэв. Тэгээд тэднийг орхин хотоос гарч, Бетанд ирээд тэндээ хоноглов. Өглөө хот уруу буцах үед Тэр өлсжээ. Тэгээд замын хажуу дахь инжрийн ганц модыг хараад очтол навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс тэр модонд —Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг гэхэд тэр даруй инжрийн мод хувхайрчээ. Шавь нар нь үүнийг хараад мэл гайхаж, —Энэ инжрийн мод яаж ийм хурдан хувхайрав? гэцгээв. Есүс тэдэнд хариулан —Үнэнээр Би та нарт хэлье. Та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инжрийн модонд тохиолдсоныг үйлдэх байтугай энэ ууланд ч хүртэл “Дээш өргөгдөж, тэнгист хаягд” гэж хэлэхэд л энэ нь биелэх болно. Та нар итгэлтэйгээр юуны төлөө залбиран гуйна, түүнийгээ хүлээн авах болно гэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна