Матай 20:1-16

Матай 20:1-16 АБ2013

Тэнгэрийн хаанчлал нь усан үзмийн талбайдаа ажилчдыг хөлслөхөөр өглөө эрт гарсан газрын эзэнтэй адил юм. Тэрээр өдрийн нэг денараар ажилчидтай тохиролцон тэднийг усан үзмийн талбайдаа илгээв. Гуравдугаар цагийн орчим тэр гадагш гарч, гудамж зээл дээр ажилгүй зогсож буй өөр хэдийг хараад тэдэнд “Та нар бас усан үзмийн талбай уруу яв. Би та нарт шударгаар төлнө” гэсэнд тэд явжээ. Зургадугаар болон есдүгээр цагийн орчим тэр дахин гадагш гарч мөн үүнчлэн үйлдэв. Арван нэгдүгээр цагийн орчим тэр гадагш гарч, зогсож буй өөр хэдийг олоод, тэднээс “Та нар чинь юунд энд бүхэл өдөржин ажилгүй дэмий зогсоно вэ?” гэж асуусанд тэд “Биднийг хэн ч хөлсөлсөнгүй” гэв. Тэгэхэд нь тэр “Та нар бас усан үзмийн талбай уруу яв” гэлээ. Орой болоход усан үзмийн талбайн эзэн даамалдаа “Ажилчдыг дуудаж, сүүлийнхээс нь эхнийхийг хүртэл хөлсийг нь төл” гэжээ. Арван нэгдүгээр цагийн үед хөлслөгдсөн нь бүгд нэг нэг денар хүртэв. Эхэнд ирэгсэд илүү ихийг авна байх хэмээн бодсон авч мөн адил нэг нэг денараа авчээ. Тэд хөлсөө аваад газрын эзний өөдөөс гонгинолдож “Энэ сүүлчийн хүмүүс ердөө нэг л цаг ажилласан шүү дээ. Өдрийн ачаа болон халууныг үүрсэн биднийг тэдэнтэй адил үнэллээ” гэжээ. Гэвч эзэн тэдний нэгэнд “Анд минь, би чамд буруу юм хийгээгүй. Чи нэг денараар надтай тохирсон биш үү? Өөрийнхийгөө аваад, яв. Харин би энэ сүүлчийнхэд чамд өгсөнтэй адил хөлс өгөхийг хүсэж байна. Өөрийнхөө юмыг хүссэнээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмрөөс минь болж нүд чинь хорсов уу?” гэжээ. Тиймээс сүүлчийнх нь эхнийх болж, эхнийх нь сүүлчийнх байх болно гэж айлдав.