Матай 19:1-22

Матай 19:1-22 АБ2013

Есүс эдгээрийг айлдсаны дараа Галилаас явж, Иорданы чанад Иудейн нутагт ирэв. Үй олноороо Түүнийг дагахад Тэр тэднийг тэнд эдгээжээ. Түүн дээр хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж —Хүн ямар нэг шалтгаанаар эхнэрээсээ салж болох уу? гэж асуухад Тэр хариуд нь —Бүтээгч анхнаасаа тэднийг эр эмээр нь бүтээснийг та нар уншаагүй юу? гээд — Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэж айлдав. Тэд Түүнд —Тэгвэл Мосе яагаад цуцлалтын бичиг өгөөд, салахыг тушаасан юм бэ? гэхэд Тэр тэдэнд —Зүрхний чинь хатуугаас болж эхнэрээсээ салахыг Мосе та нарт зөвшөөрсөн юм. Гэвч анхнаасаа ийм байгаагүй. Би та нарт хэлье. Хэн садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэнэ, тэр нь завхайрсан болно гэв. Шавь нар нь Түүнд —Хэрэв нөхөр эхнэрийн харьцаа ийм байвал гэрлэхгүй байсан нь дээр юм гэхэд Есүс харин тэдэнд —Өгөгдсөнөөс бусад нь энэ үгийг хүлээн авах боломжгүй. Учир нь эхийнхээ хэвлээс төрөхдөө тайган төрсөн хүн байдаг. Хүмүүсийн тайган болгосон тайган хүмүүс ч байдаг. Мөн тэнгэрийн хаанчлалын төлөө өөрсдийгөө тайган болгосон тайган ч байдаг юм. Үүнийг хүлээж авах нь аваг гэж айлдав. Есүсээр гар тавиулж, тэдний төлөө залбируулахаар хүүхдүүдийг Түүнд авчирсанд шавь нар тэднийг зандарчээ. Харин Есүс —Хүүхдүүдэд зөвшөөр. Тэднийг Над дээр ирэхийг нь бүү хоригло. Учир нь тэнгэрийн хаанчлал нь эдний адил хүмүүсийнх юм гээд тэдэн дээр гар тавьсны дараа тэндээс оджээ. Үзэгтүн, нэгэн хүн ирээд, Түүнд —Багш аа, мөнх амийг олохын тулд би ямар сайн юм хийх ёстой вэ? гэж асуухад Есүс —Чи Надаас юунд сайн нь юу болох тухай асууна вэ? Сайн нь зөвхөн ганц байдаг. Чи амьтай болохыг хүсэж байгаа бол тушаалуудыг сахь гэв. Тэр Түүнд —Алийг нь? гэхэд Есүс —Чи хүн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи худал хуурмаг бүү гэрчил. Эцэг эхээ хүндэл. Чи хөршөө өөрийн адил хайрла гэжээ. Залуу эр Түүнд —Энэ бүхнийг би сахисан. Надад өөр юу дутагдаж байна вэ? гэхэд Есүс —Чи төгс байхыг хүсэж байвал явж, хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ. Залуу энэ үгийг сонсоод гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэрээр маш их хөрөнгөтэй байв.