Матай 18:15-20
Матай 18:15-20 АБ2013
Ах дүү чинь нүгэл үйлдвээс явж түүнтэй ганцаарчлан уулзаж зэмлэ. Хэрэв тэр чамайг сонсвол чи ах дүүгээ олж авсан хэрэг. Харин тэр үл сонсвол өөртэйгөө хамт нэг эсвэл хоёр хүн дагуул. Тэгвэл хоёр юмуу гурван гэрчийн амаар хэрэг нь бүрэн нотлогдох болно. Тэр тэднийг сонсохоос татгалзвал чуулганд хэл. Хэрэв чуулганыг ч хүртэл эс сонсвоос тэр чиний хувьд харь болоод татвар хураагч мэт байг. Үнэнээр Би та нарт хэлье. Та нар газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт мөн тайлагдах болно. Би та нарт дахин хэлье. Та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх Эцэг минь үүнийг чинь тэдэнд үйлдэх болно. Учир нь хоёр буюу гурвуулаа Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.