Матай 18:12-35

Матай 18:12-35 АБ2013

Та нар юу гэж бодож байна вэ? Хэрэв нэгэн хүн зуун хоньтой байтал тэднээс нэг нь төөрвөл тэр ерэн есөн хонио ууланд орхичихоод, төөрснийг нь хайхаар явахгүй гэж үү? Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв тэр олчихвол төөрөөгүй ерэн есөн хониноосоо илүүгээр түүнд баярлах болно. Тиймд энэ багачуудаас хэн нэг нь алдагдах нь тэнгэрт байгаа Эцэгийн чинь хүсэл биш юм. Ах дүү чинь нүгэл үйлдвээс явж түүнтэй ганцаарчлан уулзаж зэмлэ. Хэрэв тэр чамайг сонсвол чи ах дүүгээ олж авсан хэрэг. Харин тэр үл сонсвол өөртэйгөө хамт нэг эсвэл хоёр хүн дагуул. Тэгвэл хоёр юмуу гурван гэрчийн амаар хэрэг нь бүрэн нотлогдох болно. Тэр тэднийг сонсохоос татгалзвал чуулганд хэл. Хэрэв чуулганыг ч хүртэл эс сонсвоос тэр чиний хувьд харь болоод татвар хураагч мэт байг. Үнэнээр Би та нарт хэлье. Та нар газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт мөн тайлагдах болно. Би та нарт дахин хэлье. Та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх Эцэг минь үүнийг чинь тэдэнд үйлдэх болно. Учир нь хоёр буюу гурвуулаа Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав. Дараа нь Петр ирж, Түүнд —Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь Есүс айлдсан нь —Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье. Иймээс тэнгэрийн хаанчлал нь зарц нартайгаа тооцоо хийхийг хүссэн нэгэн хаан лугаа адил юм. Тэр тооцоо хийж эхлэх үед арван мянган талантын өртэй нэгнийг түүнд аваачив. Харин түүнд төлөх юм байхгүй тул эзэн нь түүнийг эхнэр, хүүхдүүдийнх нь хамт хамаг юмтай нь худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ. Зарц сөхрөн унаж түүнд мөргөөд “Эзэн, намайг тэвчиж хүлцэнэ үү. Би танд бүгдийг төлнө” гэж гуйхад тэрхүү зарцын эзэн ихэд өрөвдөн түүнийг суллаж, өрийг нь хэлтрүүлжээ. Харин өнөөх зарц гадагш гараад, өөрт нь зуун денарын өртэй байсан анд болох нэгэн зарцыг олж хараад барьж авч хоолойг нь боон, “Өрөө төл” гэв. Харин анд нь болох тэр зарц сөхрөн унаж, түүнээс гуйн “Намайг тэвчиж хүлцээч. Чамд бүгдийг төлнө” гэжээ. Харин тэр үл хүсэн, явж түүнийг өр ширээ төлтөл нь шоронд хаяв. Анд зарц нар нь болсон явдлыг хараад ихэд гутарч, эзэндээ очиж, болсон бүгдийг мэдэгджээ. Тэгтэл эзэн нь түүнийг дуудаад түүнд “Ёрын муу зарц, чи надаас гуйсан тул би бүх өрийг чинь хэлтрүүлсэн. Би чамайг өршөөсний адил чи бас анд чинь болох тэр зарцыг өршөөх ёстой байсан бус уу?” гээд ихэд хилэгнэн уурлаж, өр ширээ бүгдийг төлөх хүртэл нь түүнийг зандалчинд тушаажээ. Түүнчлэн та нарын нэгбүр чинь ах дүүгээ зүрхнээсээ эс уучлах аваас тэнгэрлэг Эцэг минь ч та нарт мөн тэгж хандах болно гэлээ.

Матай 18:12-35 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна