Матай 17:9-27

Матай 17:9-27 АБ2013

Тэд уулнаас бууж явахад Есүс тэдэнд —Хүний Хүүг үхэгсдээс амилуулагдах хүртэл энэ үзэгдлийг хэнд ч бүү хэл гэж тушаав. Шавь нар нь Түүнээс —Тэгвэл яагаад хуулийн багш нар Елиаг эхлээд ирэх ёстой гэдэг юм бэ? гэж асуухад Тэр хариуд нь —Елиа үнэхээр ирж, бүгдийг сэргээх болно. Харин Би та нарт хэлье. Елиа хэдийнээ ирсэн. Тэд түүнийг таниагүй бөгөөд юу хүссэнээ түүнд үйлдсэн. Түүнчлэн Хүний Хүү тэдний гарт зовох болно гэж айлдав. Тэгэхэд л баптисч Иоханы тухай Тэр ярьсныг шавь нар ойлгожээ. Тэд хурсан олон дээр ирэх үед нэгэн хүн Түүнийг тосож очоод өмнө нь сөхрөн — Эзэн, хүүг минь өршөөгөөч. Тэр минь гараг саатай, их шаналж байна. Гал, усанд байнга унаж ойчдог. Би түүнийг Таны шавь нарт авчирсанд тэд эдгээж чадсангүй гэв. Есүс —Итгэлгүй, завхарсан үеийнхээн. Хэдий хүртэл би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Түүнийг Надад аваад ир гээд, Есүс түүнийг зандарсанд чөтгөр түүнээс гарч, хүү тэр мөчид эдгэрэв. Тэгтэл шавь нар нь Есүс дээр аминчлан ирж —Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж асуусанд Есүс тэдэнд —Та нарын итгэл өчүүхнийх. Үнэнээр Би та нарт хэлье, гичний үр төдийхөн итгэл та нарт байвал энэ ууланд “Эндээс тийшээ нүү” гэж хэлбэл тэр нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж үгүй болно. [Гэвч энэ төрлийн чөтгөр нь залбирал, мацаг барилтаар л гардаг хэмээн айлдав.] Тэднийг Галилд цугтаа байхад нь Есүс тэдэнд —Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Тэд Түүнийг алах бөгөөд Тэр гурав дахь өдрөө амилна гэхэд тэд ихэд гуниглав. Тэднийг Капернаумд ирэхэд, хоёр драхмын татвар хураагчид Петр дээр ирээд —Багш чинь хоёр драхмын татвараа төлдөггүй юм уу? гэсэнд тэр —Төлдөг гэв. Тэгээд Петрийг гэрт ороход Есүс урьтаж түүнд —Симон оо, чи юу гэж боддог вэ? Газрын хаад хэнээс гааль эсвэл албан татвар авдаг вэ? Хөвгүүдээсээ юү эсвэл гаднынхнаас уу? гэхэд тэр —Гаднынхнаас гэж хариулахад Есүс —Тэгвэл хөвгүүд нь чөлөөлөгдсөн байх нь. Гэвч бид тэднийг бүдрэн унтууцуулахгүйн тулд тэнгис уруу явж, дэгээ хая. Эхний барьсан загасны амыг нээж үзвэл дөрвөн драхмын нэг зоосыг олно. Түүнийг авч Миний болон өөрийнхөө өмнөөс тэдэнд өг гэж айлджээ.