Матай 17:1-13
Матай 17:1-13 АБ2013
Зургаан өдрийн дараа Петр, Иаков болон түүний дүү Иохан нарыг Есүс дагуулан хэдүүлхнээ өндөр уул өөд гарчээ. Тэр тэдний өмнө хувирав. Царай нь нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа. Харагтун. Мосе, Елиа нар Түүнтэй ярилцах нь тэдэнд үзэгдлээ. Петр, Есүст —Эзэн, энд байгаа маань бидэнд сайн боллоо. Таныг хүсвэл энд гурван цацар барьж өгье. Танд нэгийг, Мосед нэгийг, Елиад нэгийг гэж байтал, харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн аваад, үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү, Таалал минь Түүнд оршдог. Түүнийг сонсогтун гэх дуун гарав. Шавь нар үүнийг сонсоод нүүрээрээ унаж, ихэд айв. Есүс ирж, тэдэнд гар хүрээд —Бос, бүү ай гэлээ. Тэд нүдээ өргөхдөө Есүсээс өөр хэнийг ч олж үзсэнгүй. Тэд уулнаас бууж явахад Есүс тэдэнд —Хүний Хүүг үхэгсдээс амилуулагдах хүртэл энэ үзэгдлийг хэнд ч бүү хэл гэж тушаав. Шавь нар нь Түүнээс —Тэгвэл яагаад хуулийн багш нар Елиаг эхлээд ирэх ёстой гэдэг юм бэ? гэж асуухад Тэр хариуд нь —Елиа үнэхээр ирж, бүгдийг сэргээх болно. Харин Би та нарт хэлье. Елиа хэдийнээ ирсэн. Тэд түүнийг таниагүй бөгөөд юу хүссэнээ түүнд үйлдсэн. Түүнчлэн Хүний Хүү тэдний гарт зовох болно гэж айлдав. Тэгэхэд л баптисч Иоханы тухай Тэр ярьсныг шавь нар ойлгожээ.