Матай 16:13-28

Матай 16:13-28 АБ2013

Цезарь Филиппийн нутагт Есүс ирээд шавь нараасаа —Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуухад Тэд —Зарим нь баптисч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэхэд Тэр —Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд Симон Петр —Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. Есүс түүнд хариуд нь —Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн юм. Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гээд, Тэрээр Христ гэдгийг нь хэнд ч бүү хэл хэмээн шавь нартаа тушаав. Есүс тэр цагаас эхлэн Иерусалим явахаа, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарын зүгээс их зовлон амсах, алуулах ба гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо шавь нартаа илэрхийлж эхлэв. Петр Түүнийг хажуу тийш аваачаад —Эзэн минь, Таныг Бурхан энэрэг. Ийм юм Танд хэзээ ч бүү тохиолдог гэж зэмлэж эхэлсэнд Тэр эргэж, Петрт —Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрүүлэл болж байна. Учир нь чи Бурханы юмсыг бус, харин хүмүүний юмсыг л бодож байна гэлээ. Тэгээд Есүс шавь нартаа —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага. Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ олно. Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд тэр юугаа өгөх билээ? Хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнх шигээ алдраар ирж, хүн бүрд үйлийнх нь дагуу хариу өгөх бус уу? Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсогсдын зарим нь Хүний Хүүг хаанчлалдаа ирэхийг харах хүртэлээ үхлийг амсахгүй гэж айлдав.