Матай 13:1-32

Матай 13:1-32 АБ2013

Тэр өдөр Есүс гэрээс гарч, нуурын эрэг дээр сууж байлаа. Түүн дээр үй олон хуран цугласан тул Тэр завин дээр гарч суужээ. Хурсан олон цөм эрэг дээр зогсож байлаа. Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зүйрлэлээр хэлэхдээ —Харагтун, тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үр цацахад зарим нь зам хавиар унаж, шувууд ирээд идчихжээ. Зарим нь хөрс багатай чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолжээ. Гэвч тэдгээр нь үндэсгүй учир нар гарахад хорчийн хатжээ. Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал ургаж, тэднийг боомилов. Харин зарим нь сайн хөрсөн дээр унаж, ургацаа өгөхөд зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их болов. Сонсох чихтэй нь сонсогтун гэв. Шавь нар Түүн дээр ирж, —Та яагаад тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг юм бэ? гэхэд Тэр —Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй. Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөж, элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана. Тэд харавч эс ухааран, сонсовч үл сонсдог агаад ойлгодог ч үгүй тул Би тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг. Тэдэнд Исаиагийн эш үзүүллэг биелдэг юм. Юу гэвэл тэр “Та нар сонсон сонсовч хэзээ ч ойлгохгүй, Харан харавч огт ухаарахгүй. Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч, чих нь дүлийрэн хатуурч, нүдээ аньжээ. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэнэ. Би тэднийг эдгээх байсан” гэсэн байдаг. Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ! Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын харж байгааг чинь олон эш үзүүлэгч, зөвт хүмүүс харахыг хүссэн авч хараагүй, сонсож байгааг чинь сонсохыг хүссэн авч сонсоогүй юм. Тиймээс тариачны сургаалт зүйрлэлийг сонсогтун. Хэн нэг нь хаанчлалын тухай үгийг сонссон авч эс ойлговол ёрын муу нэгэн ирж, зүрхэнд нь юу суулгагдсаныг булаан авдаг байна. Энэ нь зам хавиар унагсад юм. Чулуурхаг газар унасан нь үгийг сонсоод, тэр даруйдаа баяртайгаар хүлээн ававч, харин тэрээр үндэсгүй тул түр зуур байдаг аж. Үгээс болж зовлон эсвэл хавчлага тохиолдоход тэрээр шууд л бүдрэн унадаг. Хогийн ургамлын дунд унасан нь үгийг сонсдог. Харин энэ дэлхийн зовнил, эд баялгийн хуурамч нь үгийг боомилж, энэ нь үр жимсгүй болдог. Сайн хөрсөнд суусан нь үгийг сонсдог бас ойлгодог нэгэн бөгөөд тэрээр үнэхээр үр жимс гаргадаг. Зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахинг гаргах болно гэж айлдав. Есүс тэдэнд өөр нэгэн сургаалт зүйрлэл хэлэхдээ —Тэнгэрийн хаанчлал нь талбайдаа сайн үр тарьсан хүнтэй адилхан юм. Хүмүүсийг унтаж байхад дайсан нь ирж, буудайн дунд үрийн сүүл тарьчихаад яваад өгчээ. Түрүү цухуйж үр тариа боловсроход үрийн сүүл ч бас гарч ирэв. Гэрийн эзний зарц нар ирж, түүнд “Эзэнтэн, та чинь талбайдаа сайн үр тариагүй бил үү? Гэтэл үрийн сүүл хаанаас гарчихдаг билээ?” гэхэд эзэн нь тэдэнд “Дайсан үүнийг хийжээ” гэв. Зарц нар нь “Тэгвэл бид явж, тэдгээрийг зулгаахыг та хүсээ юү?” гэсэнд тэр “Хэрэггүй, та нар үрийн сүүл зулгаах гээд буудайг хамтад нь зулгаачихаж магад. Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадагчдад «Эхлээд үрийн сүүлийг зулгааж, шатаахаар багцалж боо. Харин буудайг цуглуулж, амбаарт минь хийцгээ» гэж хэлнэ” гэв. Есүс тэдэнд өөр нэгэн сургаалт зүйрлэл хэлэхдээ —Тэнгэрийн хаанчлал нь хүний авч, цэцэрлэгтээ суулгасан гичний үр мэт юм. Энэ нь бусад бүх үрээс жижигхэн боловч ургахдаа ургамал ногооноос илүү томорч, мод болдог тул тэнгэрийн шувууд ирж, мөчрүүд дээр нь үүрээ засдаг юм гэлээ.