Матай 10:24-42
Матай 10:24-42 АБ2013
Шавь нь багшийнхаа, боол нь эзнийхээ дээр байдаггүй. Шавь нь багшийнхаа адил, боол нь эзнийхээ адил болох нь л хангалттай. Хэрэв тэд гэрийн тэргүүнийг Беелзебүл хэмээн нэрлэсэн бол гэрийнхнийг нь түүнээс ч илүүгээр хэлэх бус уу? Иймд тэднээс бүү ай. Илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ. Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь дээвэр дээр тунхагла. Махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махбод болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун. Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг бус уу? Эцэгийн чинь зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй. Та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон. Тиймээс бүү ай! Та нар олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй. Тиймээс хүмүүсийн өмнө Намайг хүлээн зөвшөөрөгч хүн бүрийг Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө мөн хүлээн зөвшөөрнө. Харин хүмүүсийн өмнө Намайг үгүйсгэсэн хэнийг ч болов Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө үгүйсгэнэ. Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм. Хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадам эхийнх нь эсрэг болгохын тулд Би ирсэн. Хүний дайсан нь гэр бүлийнхэн нь болно. Эцгээ юмуу эхээ Надаас илүү хайрлагч нь Миний хувьд зохистой нэгэн биш. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрлагч ч Миний хувьд зохистой нэгэн биш ээ. Загалмайгаа авалгүйгээр Миний хойноос дагагч нь Миний хувьд зохистой нэгэн биш. Амиа ологч нь түүнийгээ алдах болно. Миний төлөө амиа алдсан нь түүнийгээ олох болно. Та нарыг хүлээн авах нь Намайг хүлээн авсан хэрэг юм. Намайг хүлээн авах нь Намайг Илгээгчийг хүлээн авсан хэрэг юм. Эш үзүүлэгчийн нэрээр эш үзүүлэгчийг хүлээн авах хэн боловч эш үзүүлэгчийн шагналыг хүлээн авна. Зөвт хүнийг зөвт хүний нэрээр хүлээн авах хэн боловч зөвт хүний шагналыг хүлээн авна. Үнэнээр Би та нарт хэлье. Ийм өчүүхнүүдийн нэгэнд, шавийнх нь хувьд уух аяга хүйтэн ус өгсөн хэн ч шагналаа эс алдана гэв.