Матай 1:18-25

Матай 1:18-25 АБ2013

Есүс Христ ийнхүү мэндэлжээ. Түүний эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө Ариун Сүнсээр хэвлийдээ хүүхэд олсон нь мэдэгджээ. Нөхөр Иосеф нь зөвт хүн байсан бөгөөд Мариаг олны шившиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байж. Харин түүнийг тийн бодож байхад, харагтун, Эзэний тэнгэрэлч зүүдэнд нь үзэгдээд —Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Тэрээр нэгэн Хүү төрүүлж, Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд гэв. Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь эш үзүүлэгчээр дамжуулан Эзэн айлдсан нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ «Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ» гэсэн юм. Иосеф нойрноос сэрж, Эзэний тэнгэрэлчийн тушааснаар эхнэрээ авсан ч түүнтэй энгэр зөрүүлэлгүй байсаар, төрүүлсэн Хүүг нь Есүс гэж нэрлэв.