Лук 8:41-56
Лук 8:41-56 АБ2013
Үзэгтүн, синагогийн ахлагч Иаир гэгч хүн тэнд байсан бөгөөд Есүсийн хөлд унаж, гэрт нь ирэхийг Түүнээс гуйжээ. Учир нь тэрээр арван хоёр настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт байв. Есүсийг явахад цугласан олон Түүнийг бүчин шахаж байлаа. Арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. Тэрээр хамаг байдгаа эмч нарт өгсөн ч хэн нь ч түүнийг эдгээж чадаагүй ажээ. Тэр эмэгтэй Есүсийн ард нь очоод дээлийнх нь хормойд гар хүрмэгц даруй цус гоожих нь зогсов. Есүс —Хэн Надад хүрэв? гэхэд бүгд л үүнийг үгүйсгэв. Петр Түүнд —Эзэнтэн, энэ олон хүн Таныг бүчин, шахаж байна шүү дээ гэж хэлэхэд харин Есүс —Хэн нэг нь Надад хүрсэн. Надаас хүч гарахыг Би мэдэрсэн гэжээ. Өнөөх эмэгтэй анзаарагдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд, айн чичирсээр ирж Түүний өмнө унан, ямар шалтгаанаар Түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэснээ бүх хүмүүсийн өмнө ярилаа. Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван яв даа гэв. Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс нэг нь ирж, —Охин тань үхсэн. Та цаашид Багшид бүү төвөг уд гэж хэлэв. Харин Есүс үүнийг сонсоод, түүнд —Бүү ай, гагцхүү итгэ. Тэр аврагдах болно гэлээ. Тэр гэрт нь ирээд, Петр, Иохан, Иаков болон охины эцэг эхээс өөр хэнийг ч орохыг зөвшөөрсөнгүй. Бүгд л уйлан хайлж, охины хойноос гашуудан байлаа. Харин Есүс —Уйлахаа боль. Тэр үхээгүй, харин унтаж байна хэмээсэнд үхсэнийг нь мэдэж байсан тэд Түүнийг тохуурхан инээлдэж эхлэв. Гэсэн хэдий ч Тэр охины гараас барьж, —Охин минь, бос гэж дуудсанд сүнс нь эргэн ирж, охин тэр даруй босов. Тэгээд Есүс, охинд идэх юм өг гэжээ. Охины эцэг эх нь учраа олохгүй байлаа. Харин Есүс тэдэнд болсон явдлын тухай хэнд ч ярьж болохгүйг сануулав.