Лук 8:22-39
Лук 8:22-39 АБ2013
Тэр өдрүүдийн нэгэнд ийм хэрэг болов. Есүс шавь нартайгаа завинд суугаад, тэдэнд —Цөмөөрөө нуур гатлан нөгөө тал уруу явцгаая гэжээ. Тэднийг сэлүүрдэн байхад Тэр унтжээ. Гэтэл нуурт хүчтэй салхи үүсэж, тэд усанд автагдаж, аюул нүүрлэв. Тэд Түүн уруу очиж сэрээгээд —Эзэн минь, Эзэн минь, бид сүйрч байна гэхэд Тэр босож, салхи ба оволзох давалгааг зандрахад салхи намдаж, нам гүм болов. Тэр шавь нартаа —Итгэл чинь хаана байна? гэхэд тэд айх гайхах зэрэгцэж, нэг нэгэндээ —Салхи, усанд хүртэл тушаахад тэд дуулгавартай байдаг энэ ер нь хэн бэ? гэцгээж байлаа. Тэд Галилын эсрэг талд орших герасчуудын нутагт хүрч ирэв. Есүс эрэг дээр гартал, чөтгөрт эзэмдүүлсэн нэгэн хүн хотоос гарч ирээд Түүнтэй тулгарав. Тэр хүн удаан хугацааны турш хувцас хунаргүй байж, орон байранд бус, харин булшны агуйд орогнодог байв. Тэр Есүсийг хараад хашхиран өмнө нь унаж чанга дуугаар —Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Та надад ямар хамаатай билээ? Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэжээ. Есүс бузар сүнснүүдийг тэр хүнээс гарахыг тушаасан байж. Бузар сүнс түүнийг олон удаа эзэмдсэн тул тэр хүн гинжлэгдэж, дөнгөлөгдөөд харуулын хяналтад байсан авч дөнгөө тастан хаяад чөтгөрөөр хөтлүүлэн цөл уруу явдаг байсан аж. Есүс түүнээс —Нэр чинь хэн бэ? гэж асуусанд тэр —Легион гэв. Учир нь түүнд олон чөтгөр шүглэсэн байжээ. Чөтгөрүүд өөрсдийг нь оёоргүй гүн уруу зайл хэмээн бүү тушаагаач гэж Түүнээс гуйж байлаа. Тэнд уулын бэлд гахайн их сүрэг идшилж байлаа. Чөтгөрүүд өөрсдийг нь гахайд оруулаач гэж гуйсанд Тэр зөвшөөрөв. Чөтгөрүүд хүнээс гарч гахайнуудад шүглэхэд гахайн сүрэг эгц эргээс нууранд унан живцгээлээ. Болсон бүхнийг хараад гахайчид зугтаж, энэ тухай хот хөдөөгүй ярив. Хүмүүс юу болсныг үзэхээр ирж, Есүс дээр очиход чөтгөрөөс салсан өнөөх хүн хувцаслачихсан, эрүүл саруул болоод, Есүсийн хөлд сууж байхыг олж хараад айцгаав. Үүнийг үзсэн хүмүүс чөтгөр шүглэсэн хүн хэрхэн эдгэрснийг тэдэнд мэдэгджээ. Тэр хавийн болоод Герас нутгийн хүмүүс бүгд Түүнийг тэндээс явахыг гуйв. Тэд үлэмжийн их айдаст автсан байлаа. Есүс завин дээрээ гарч, буцаад явжээ. Харин чөтгөрүүдээс салсан мөнөөх хүн Түүнтэй хамт байхыг гуйсан авч Есүс түүнийг явуулж, — Гэртээ харь, Бурхан чамд ямар агуу зүйл хийж өгснийг ярь гэж айлджээ. Тэгээд Есүс өөрт нь ямар агуу зүйл хийж өгснийг хот даяар тэр тунхагласаар явж одлоо.