Лук 7:1-50
Лук 7:1-50 АБ2013
Тэрээр хүмүүст сонсгосон яриагаа өндөрлөж, Капернаумд явж ороход нэгэн зуутын даргын ихэд үнэлдэг зарц нь өвдөөд үхлүүт байжээ. Есүсийн тухай тэр сонсоод, ирж зарцыг нь эдгээхийг Түүнээс гуйлгахаар иудейчүүдийн ахмадуудаас хэдэн хүнийг Түүн уруу явуулав. Тэд Есүс дээр хүрч ирээд, Түүнээс хичээнгүйлэн гуйж —Тэр Танаас үүнийг гуйх зохистой нэгэн. Тэр манай үндэстнийг хайрладаг. Бидэнд синагог барьж өгсөн хүн бол тэр юм гэжээ. Есүс тэдний хамт замд гарав. Тэгээд Түүнийг гэрээс нь холгүйхэн болоход зуутын дарга андуудаа илгээн —Эзэн, Та Өөрийгөө наашаа бүү чилээ. Би Таныг дээвэр дороо оруулах зохистой нь биш ээ. Иймээс би өөрийгөө ч Тан дээр очих үнэ хүндтэй бус хэмээн үзэв. Харин үг л хэлээч, тэгвэл зарц минь эдгэрнэ. Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг. Нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Зарцдаа “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж Түүнд хэлүүлжээ. Есүс үүнийг сонсоод ихэд гайхан Өөрийг нь дагаж явсан олонд —Би та нарт хэлье. Ийм агуу итгэлийг Би Израильд хүртэл олоогүй юм гэлээ. Тийнхүү явуулсан хүмүүс нь буцаж ирээд мөнөөх зарц эрүүл болсныг олж харав. Үүний дараа удалгүй Есүс, Найн хэмээх хот уруу явжээ. Шавь нар нь мөн үй олон хүн Түүнийг дагалдан явлаа. Түүнийг хотын хаалганд ойртон ирэх үед, харагтун, хүмүүс нэгэн үхсэн хүнийг аваад гарч явав. Тэр нь бэлэвсэн эмэгтэйн ганц хүү байсан бөгөөд хотынхны нэлээд олон хүн тэр эмэгтэйн хамт байв. Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд —Бүү уйл гэв. Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс —Би чамд хэлж байна. Залуу минь, бос! гэхэд үхсэн хүн босоод ярьж эхлэв. Ингэж Есүс түүнийг эхэд нь эргүүлэн өгөв. Тэд бүгдээрээ айдаст автаж, Бурханыг алдаршуулж —Бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ мөн —Бурхан ард түмэн дээрээ ирлээ гэцгээж байлаа. Түүний тухай энэхүү зар Иудей даяар болоод хавийн бүх нутгаар тархлаа. Шавь нар нь Иоханд энэ бүхний тухай мэдүүлжээ. Иохан шавь нараасаа хоёрыг нь дуудаж —Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгахаар Эзэн уруу илгээв. Тэд Есүс дээр ирээд —Баптисч Иохан биднийг Танд илгээж “Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү?” гэж асуулгаж байна гэжээ. Яг тэр үед Есүс, өвчин эмгэг, ёрын сүнстэй олныг илааршуулж, сохорсон олонд хараа хайрлав. Тэр тэдэнд —Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна. Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй гэв. Иоханы зарлага элч нар явмагц, Есүс хурсан олонд Иоханы тухай ярьж эхлэв. —Юу харах гэж та нар цөлд очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү? Тэгвэл та нар юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр гоёмсгоор хувцаслаж, баян тансаг амьдрагчид нь хаадын ордонд байдаг. Тэгэхээр юунд та нар тийшээ очсон хэрэг вэ? Эш үзүүлэгчийг харах гэж үү? Тийм ээ, Би та нарт хэлье. Эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм. Түүний тухай “Харагтун, Би түрүүнд чинь зарлага элчээ илгээнэ. Тэрээр өмнөх замыг чинь бэлтгэнэ” гэж бичигдсэн юм. Эмэгтэйчүүдээс төрөгсдийн дунд Иоханаас илүү нь үгүй. Харин Бурханы хаанчлалын хамгийн бага нь ч түүнээс агуу билээ гэж айлдав. Тийнхүү Иоханы баптисмаар баптисм хүртсэн бүх хүн, татвар хураагчид үүнийг сонсоод Бурханы шударгыг хүлээн зөвшөөрчээ. Харин фарисайчууд болон хуульчид Иоханаар баптисм хүртээгүйгээрээ өөрсдийнх нь төлөөх Бурханы зорилгыг үл хэрэгсэв. — Энэ үеийн хүмүүсийг би юутай зүйрлэх вэ? Тэд хэнтэй адил вэ? Тэд гудамж зээл дээр суугаад нэг нэгнээ дуудан “Бид та нарт зориулж лимбэдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид гашуудлын дуу дуулахад та нар уйлсангүй” гэх хүүхдүүдтэй адил юм. Баптисч Иохан ирээд, талх идэж, дарс уухгүй байхад нь та нар “Түүнд чөтгөр шүглэсэн байна” гэдэг. Хүний Хүү ирээд, идэж уутал та нар “Харцгаа. Ховдог, архичин бас татвар хураагчид ба нүгэлтнүүдийн анд” гэцгээдэг. Гэсэн хэдий ч мэргэн ухаан нь бүх хүүхдээрээ зөвтгөгддөг гэв. Фарисайчуудын нэг нь хамт зоог барихыг Түүнээс хүсжээ. Есүс тэр фарисайн гэрт орж тухлан суув. Үзэгтүн, тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Есүсийг фарисай хүний гэрт тухлан байгааг тэр эмэгтэй дуулаад, гөлтгөнөн савтай үнэт тос авчирч, Түүний хөлд, ар талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов. Есүсийг урьсан фарисай үүнийг хараад —Энэ хэрэв эш үзүүлэгч мөн юм бол Түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг, түүнийг нүгэлтэн гэдгийг нь мэдэх учиртайсан хэмээн бодсонд Есүс хариуд нь —Симон оо, Надад чамд хэлэх юм байна гэв. Тэгтэл Симон —Багш аа, түүнийгээ хэлээч гэжээ. — Нэгэн мөнгө зээлдүүлэгчид хоёр хүн өртэй байжээ. Нэг нь таван зуу, нөгөө нь тавин денарын өртэй байв. Тэд төлөх чадваргүй тул тэр тэднийг хоёуланг нь өрнөөс хэлтрүүлжээ. Тэгвэл тэдний хэн нь түүнийг илүү хайрлах бол? гэхэд нь Симон —Илүү өгөөмрөөр хэлтрүүлэгдсэн нь гэж би бодож байна гэсэнд Есүс түүнд —Чи зөв шүүлээ гээд, тэр эмэгтэй уруу эргэж, Симонд —Чи энэ эмэгтэйг харж байна уу? Намайг гэрт чинь орж ирэхэд чи Надад хөл угаах ус ч өгөөгүй, харин энэ эмэгтэй хөлийг минь нулимсаараа норгоод үсээрээ арчлаа. Чи Намайг үнсээгүй. Харин энэ эмэгтэй Намайг орж ирснээс хойш хөлийг минь үнссээр байна. Чи толгойг минь ч тосоор тослоогүй, тэр харин үнэт тосоор хөлийг минь тослов. Тиймээс Би чамд хэлье. Түүний олон нүгэл уучлагдсан. Учир нь тэр их хайрласан. Харин багахан уучлагдсан нь бага хайрладаг гээд, эмэгтэйд —Нүгэл чинь уучлагдлаа гэв. Түүний хамт тухлан сууж байсан хүмүүс хоорондоо —Нүглүүдийг хүртэл уучилдаг энэ хэн гээч вэ? гэлцлээ. Есүс тэр эмэгтэйд хандаж —Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа гэж айлдав.