Лук 7:1-10

Лук 7:1-10 АБ2013

Тэрээр хүмүүст сонсгосон яриагаа өндөрлөж, Капернаумд явж ороход нэгэн зуутын даргын ихэд үнэлдэг зарц нь өвдөөд үхлүүт байжээ. Есүсийн тухай тэр сонсоод, ирж зарцыг нь эдгээхийг Түүнээс гуйлгахаар иудейчүүдийн ахмадуудаас хэдэн хүнийг Түүн уруу явуулав. Тэд Есүс дээр хүрч ирээд, Түүнээс хичээнгүйлэн гуйж —Тэр Танаас үүнийг гуйх зохистой нэгэн. Тэр манай үндэстнийг хайрладаг. Бидэнд синагог барьж өгсөн хүн бол тэр юм гэжээ. Есүс тэдний хамт замд гарав. Тэгээд Түүнийг гэрээс нь холгүйхэн болоход зуутын дарга андуудаа илгээн —Эзэн, Та Өөрийгөө наашаа бүү чилээ. Би Таныг дээвэр дороо оруулах зохистой нь биш ээ. Иймээс би өөрийгөө ч Тан дээр очих үнэ хүндтэй бус хэмээн үзэв. Харин үг л хэлээч, тэгвэл зарц минь эдгэрнэ. Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг. Нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Зарцдаа “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж Түүнд хэлүүлжээ. Есүс үүнийг сонсоод ихэд гайхан Өөрийг нь дагаж явсан олонд —Би та нарт хэлье. Ийм агуу итгэлийг Би Израильд хүртэл олоогүй юм гэлээ. Тийнхүү явуулсан хүмүүс нь буцаж ирээд мөнөөх зарц эрүүл болсныг олж харав.