Лук 6:17-49

Лук 6:17-49 АБ2013

Тэгээд Тэр тэдний хамт уруудан бэлд бууж ирээд зогсов. Тэнд асар олон дагалдагч нар нь байсан бөгөөд бүх Иудей, Иерусалим, Тир болон Сидоны эрэг хавийн нутгуудаас ирсэн үй олон хүн Түүнийг сонсох бас өвчнөө эдгээлгэх гэж иржээ. Мөн бузар сүнсэнд тарчилсан хүмүүс ч илааршиж байлаа. Түүнээс хүч гарч, бүгдийг эдгээж байсан учир цугласан олон бүгд Түүнд гар хүрэхийг чармайн байв. Есүс шавь нарын зүг харцаа хандуулан —Ядуус та нар ерөөлтэй еэ! Бурханы хаанчлал та нарынх юм. Эдүгээ өлсөж буй та нар ерөөлтэй еэ! Та нар цатгагдах болно. Эдүгээ гашуудан уйлж буй та нар ерөөлтэй еэ! Та нар инээх болно. Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, гадуурхан, доромжилж, нэрийг чинь ёрын муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ! Тэр өдөр баярла, баясан цовхч. Юу гэвэл, харагтун, тэнгэр дэх шагнал чинь агуу билээ. Тэдний эцэг өвгөд эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм. Харин баячууд та нар золгүй еэ! Та нар тайвшралаа дүүрнээр хүлээн авсан. Эдүгээ цатгалан буй та нар золгүй еэ! Та нар өлсөх болно. Эдүгээ инээж буй та нар золгүй еэ! Та нар гашуудан уйлах болно. Бүгд та нарын тухай сайнаар ярих цагт та нар золгүй еэ! Тэдний эцэг өвгөд хуурамч эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм. Харин сонсогчдод Би хэлж байна. Дайснуудаа хайрла, та нарыг үзэн ядагчдад сайныг үйлд. Та нарыг хараагсдыг ерөө, та нарыг доромжлогсдын төлөө залбир. Хэрэв хэн нэг нь хацрыг чинь алгадвал нөгөө хацраа ч бас тавьж өг. Дээлийг чинь булаан авагчаас цамцаа бүү харамла. Гуйсан хүнд өг, юмыг чинь авсан хүнээс буцааж бүү нэх. Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд тийнхүү ханд. Хэрэв та нар өөрсдийг чинь хайрлагсдыг л хайрлавал ямар гавьяа та нарт байх вэ? Нүгэлтнүүд хүртэл өөрсдийг нь хайрлагсдыг хайрладаг шүү дээ. Та нар өөрт чинь сайныг үйлдэгсдэд л сайныг үйлдвэл та нарт ямар гавьяа байх вэ? Нүгэлтнүүд ч хүртэл ингэдэг бус уу. Та нар эргүүлэн авна гэж найдсан хүмүүстээ зээл өгөх аваас та нарт юун онцлол байх билээ? Нүгэлтнүүд хүртэл өгснийхөө чинээг эргүүлэн авахын тулд нүгэлтнүүддээ зээл өгдөг. Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал чинь агуу болоод та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болон ёрын муу хүмүүст ч аятайхан ханддаг юм. Эцэг чинь өршөөнгүй байдаг шиг өршөөнгүй бай. Бусдыг бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй. Бусдыг бүү ялла, тэгвэл яллагдахгүй. Уучлагтун, тэгвэл та нар мөн уучлагдана. Өгөгтүн, тэгвэл та нарт өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан сайн хэмжээгээр өвөр дээр чинь асгарах болно. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ. Тэр мөн тэдэнд сургаалт зүйрлэлээр —Сохор нь сохортоо газарчилж чадна гэж үү? Хоёулаа нүхэнд унах биш үү? Шавь нь багшийнхаа дээр байдаггүй. Бүрэн суралцах аваас хэн ч багш шигээ болж болно. Өөрийн нүдэн дэх дүнзээ анзаараагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ? Нүдэндээ байх дүнзийг мэдээгүй атлаа ах дүүдээ “Ах минь, би нүдэнд чинь байгаа үртсийг аваадахъя” гэж чи яаж хэлж чадна вэ? Хоёр нүүрт чи эхлээд өөрийнхөө нүднээс дүнзээ авч хая. Тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртэс авч хаяхдаа сайн харах болно. Мод сайн аваас муу жимс үл гаргана, мод муу бол сайн жимс эс гарна. Аливаа мод үр жимсээрээ танигдана. Сундуу бутнаас инжрийг, эгэл бутнаас усан үзэм эс түүнэ. Сайн хүн зүрхнийхээ сайн баялагаас сайныг гаргана. Муу хүн нь муу баялагаасаа муу муухайг гаргадаг. Учир нь зүрх юугаар бялхана, ам түүнийг нь ярьдаг. Та нар Намайг “Эзэн, Эзэн” гэж дууддаг хэрнээ юунд хэлснийг минь үйлддэггүй юм бэ? Над уруу ирж, үгийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч нь хэнтэй адил болохыг та нарт Би харуулъя. Тийм хүн нь барьж буй байшингийнхаа суурийг, газраа гүн ухаад хадан дээр суурилуулсан хүнтэй адил юм. Үер болж, гол халин байшинг дайрсан боловч хөдөлгөж чадсангүй. Учир нь байшин бат бөх баригдсан ажээ. Харин сонсоод, үүний дагуу эс үйлддэг нь газар дээр суурь тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нурав. Тэр байшингийн сүйрэл асар их байлаа гэж сургалаа.