Лук 6:17-27
Лук 6:17-27 АБ2013
Тэгээд Тэр тэдний хамт уруудан бэлд бууж ирээд зогсов. Тэнд асар олон дагалдагч нар нь байсан бөгөөд бүх Иудей, Иерусалим, Тир болон Сидоны эрэг хавийн нутгуудаас ирсэн үй олон хүн Түүнийг сонсох бас өвчнөө эдгээлгэх гэж иржээ. Мөн бузар сүнсэнд тарчилсан хүмүүс ч илааршиж байлаа. Түүнээс хүч гарч, бүгдийг эдгээж байсан учир цугласан олон бүгд Түүнд гар хүрэхийг чармайн байв. Есүс шавь нарын зүг харцаа хандуулан —Ядуус та нар ерөөлтэй еэ! Бурханы хаанчлал та нарынх юм. Эдүгээ өлсөж буй та нар ерөөлтэй еэ! Та нар цатгагдах болно. Эдүгээ гашуудан уйлж буй та нар ерөөлтэй еэ! Та нар инээх болно. Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, гадуурхан, доромжилж, нэрийг чинь ёрын муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ! Тэр өдөр баярла, баясан цовхч. Юу гэвэл, харагтун, тэнгэр дэх шагнал чинь агуу билээ. Тэдний эцэг өвгөд эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм. Харин баячууд та нар золгүй еэ! Та нар тайвшралаа дүүрнээр хүлээн авсан. Эдүгээ цатгалан буй та нар золгүй еэ! Та нар өлсөх болно. Эдүгээ инээж буй та нар золгүй еэ! Та нар гашуудан уйлах болно. Бүгд та нарын тухай сайнаар ярих цагт та нар золгүй еэ! Тэдний эцэг өвгөд хуурамч эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм. Харин сонсогчдод Би хэлж байна. Дайснуудаа хайрла, та нарыг үзэн ядагчдад сайныг үйлд.