Лук 5:17-39

Лук 5:17-39 АБ2013

Нэгэн өдөр Түүнийг сургаалаа зааж байхад нь тэнд Иерусалим, Иудей болон Галилын бүх тосгодоос ирсэн хэсэг хуулийн багш нар болоод фарисайчууд сууж байжээ. Эдгээлтийн төлөө Эзэний хүч Түүнд өгөгдсөн байв. Үзэгтүн, нэгэн саа өвчтөнийг хэдэн хүн дэвсгэртэй нь авчрав. Тэгээд дотогш нь оруулж, Түүний өмнө аваачих гэж хичээсэн боловч хурсан олноос болж түүнийг дотогш нь оруулах аргагүй байсан тул тэд дээвэр дээр гарч, дээврээр тэр хүнийг дэвсгэртэй нь доош буулгаж, Есүсийн өмнө, яг төвд нь тавив. Итгэлийг нь харсан Есүс —Анд минь, нүгэл чинь уучлагдсан гэхэд хуулийн багш нар болон фарисайчууд —Бурханыг доромжлон ярьж буй энэ хэн гэгч вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж эргэцүүлэн бодоцгооход, бодлыг нь мэдсэн Есүс тэдэнд хандан —Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ? “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ? Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд саа өвчтөнд —Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэв. Тэр даруй тэр тэдний өмнө босоод, хэвтэж байсан юмаа авч Бурханыг алдаршуулсаар гэрийн зүг явжээ. Тэд бүгдээрээ гайхан цочирдож, Бурханыг алдаршуулж —Бид өнөөдөр мөн ч хачин юм үзлээ гэцгээн бүгд айдаст автсан байлаа. Дараа нь Тэр гарч яван татварын газар суух, татвар хураагч Леви гэгч хүнийг хараад, —Намайг дага гэж түүнд хэлэхэд тэр бүхнээ орхин босож, Түүнийг дагалаа. Есүст зориулж Леви гэртээ том цайллага хийв. Тэнд олон татвар хураагчид болон өөр хүмүүс тэдэнтэй хамт ширээнд тухлан сууж байжээ. Фарисайчууд, тэдний хуулийн багш нар Түүний шавь нарт дургүйлхэн —Та нар чинь яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт идэж ууж байдаг билээ? гэхэд Есүс тэдэнд —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв. Тэд Түүнд —Иоханы шавь нар ба фарисайчуудын шавь нар байнга мацаг барьж залбиралаа өргөдөг. Харин Таных идэж, ууцгаах юм гэсэнд Есүс тэдэнд —Шинэ хүргэнийг байхад та нар бараа бологчдоор нь мацаг бариулж болохгүй биз дээ? Харин хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэр өдрүүдэд тэд мацаг барина гэв. Тэгээд Тэр мөн тэдэнд нэгэн сургаалт зүйрлэлээр —Хэн ч шинэ дээлээсээ нөхөөс урж аваад, хуучин дээлээ нөхдөггүй. Тэгвэл тэр шинээ ч урах болно. Шинэ нь хуучинд үл зохино. Хэн ч шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл шинэ дарс тулмыг зад татна. Дарс асгарч, тулам ч сүйднэ. Харин шинэ дарсыг шинэ туламд л хийх ёстой. Хуучин дарс уусан хэн ч шинийг нь хүсдэггүй агаад “Хуучин нь аятайхан” гэх бус уу гэж тэдэнд айлдав.

Лук 5:17-39-д зориулсан видео