Лук 4:33-44
Лук 4:33-44 АБ2013
Синагогт чөтгөрийн бузар сүнсэнд эзэмдүүлсэн нэгэн хүн байсан агаад тэр чанга дуугаар чарлан — Хүүе, Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таны хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг би мэднэ гэхэд Есүс түүнийг зандарч, —Дуугүй бай. Түүнээс гар! гэв. Тэгтэл чөтгөр түүнийг хүмүүсийн дунд унагаагаад, гэмтээлгүйгээр түүнээс гарч одов. Бүгд гайхаж, өөр хоорондоо —Энэ юун сургаал вэ? Тэр эрх мэдэл хийгээд хүчээр бузар сүнснүүдэд тушаахад тэд гарцгаах юм гэж ярилцаж эхлэв. Түүний тухай зар хавийн бүх газраар тархаж байлаа. Есүс босож, синагогаас гараад, Симоны гэрт ороход хадам эх нь маш их халуунтай шаналж байжээ. Тэд Симоны хадам эхийн төлөө Түүнээс гуйв. Есүс хадмынх нь дэргэд зогсоод, халууныг зандрахад халуун нь буужээ. Тэр эмэгтэй босоод тэдэнд үйлчлэв. Элдвийн өвчтэй хүмүүсийг нар жаргах үеэр Есүст авчирсанд Тэр хүн бүр дээр гараа тавин тэднийг эдгээж байлаа. Чөтгөрүүд олон хүнээс —Та бол Бурханы Хүү мөн хэмээн хашхиран гарч байв. Түүнийг Христ гэдгийг нь тэд мэдэж байсан тул Тэр тэднийг загнаад тэдэнд ярихыг зөвшөөрөхгүй байлаа. Үүр цайх үеэр Есүс явж, зэлүүд газар очсон боловч олон түмэн Түүнийг хайж байв. Тэгээд тэд Түүн дээр ирж, Есүсийг явуулахгүй байхыг хичээцгээж байлаа. Харин Тэр тэдэнд —Би өөр хотуудад ч бас Бурханы хаанчлалын сайнмэдээг хүргэх учиртай. Энэ зорилгын тулд Би илгээгдсэн билээ гэв. Тэр Иудейн синагогуудад тунхагласаар байлаа.