Лук 24:36-53

Лук 24:36-53 АБ2013

Тэд ийнхүү ярьж байтал Тэр Өөрөө дунд нь зогсож байлаа. Тэр тэдэнд —Амар амгалан та нарт байх болтугай гэв. Гэвч тэд цочирдон айдсаар дүүрсэндээ, сүнс үзэгдэв хэмээн боджээ. Есүс тэдэнд —Та нар юунд сандарч, зүрхэнд чинь эргэлзээ төрнө вэ? Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв. Тэр үүнийг айлдаад, тэдэнд гар, хөлөө үзүүлэв. Тэд баярлан гайхсандаа итгэж ядан байхад нь Есүс тэднээс —Та нарт идэх юм байна уу? гэж асуухад тэд хэсэг хайрсан загас Түүнд өгөв. Тэр загасыг авч, тэдний өмнө иджээ. Тэгээд Тэр тэдэнд ингэж айлдав. —Та нартай хамт байхдаа Миний ярьж байсан үг ийм болой. Энэ нь Мосегийн Хууль, Эш үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гээд, Бичвэрийг ухааруулахын тулд оюун ухааныг нь нээв. Есүс тэдэнд хандаж —“Христ зовлон эдэлж, гурав дахь өдрөө үхэгсдээс амилах болно. Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүгэл уучлагдах гэмшил тунхаглагдах ёстой” гэж бичигдсэн юм. Энэ бүхний гэрч нь та нар мөн. Харагтун, Би Эцэгийнхээ амласныг та нарт илгээнэ. Харин та нар дээрээс ирэх хүчийг өмстлөө энэ хотдоо үлд гэжээ. Тэр тэгээд Бетан хүртэл тэднийг гадагш дагуулан яваад мутраа өргөн тэднийг ерөөв. Тийнхүү ерөөж байхдаа Тэр нөгөөдүүлээс холдож, тэнгэр өөд өргөгдөв. Тэд Түүнд мөргөөд үлэмж баяр хөөртэйгөөр Иерусалимд буцан ирж сүмд байнга байж, Бурханыг магтсаар байв.

Лук 24:36-53-д зориулсан видео